ОХУ, БНХАУ-ын худалдааны хэмжээ тэнцвэргүй байгаагаас ОХУ-д 150 мянга орчим хоосон чингэлэг гацаад байна. Энэхүү тэнцвэргүй байдал нь Хятадаас импортын хэмжээ нэмэгдэж, Оросын экспорт буурсантай холбоотой аж. Үүний үр дүнд хоосон чингэлэгүүд ОХУ-д хямд үнээр зарагдах болжээ.

Оросын төмөр замын терминалуудад ийнхүү хоосон чингэлэг хуримтлагдсан нь тус улсуудын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд түгшүүр төрүүлж эхлээд байгаа юм.

 

Шийдэл нь борлуулалт

 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Оросын хуучин чингэлгийн зах зээл борлуулалтын халуун үе рүү орлоо. Container xChange-ийн Гүйцэтгэх захирал Кристиан Роелоффс "Москвад 40 футын чингэлэг 1000 ам.доллараас бага үнээр зарагдаж байна. Харин дэлхийн бусад хэсэгт эдгээр чингэлэг нь бараг хоёр дахин эсвэл түүнээс ч өндөр үнэтэй" хэмээн тайлбарлав.

Container xChange-ийн мэдээллээс харахад 40 футын хуучин чингэлэг одоогоор 580 орчим ам.доллараар зарагдаж байгаа бол 2022 оны хоёрдугаар сард үнэ нь 4200 орчим ам.долларт хүрч байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тээврийн компаниуд Хятад руу буцаах хоосон чингэлэгт хөнгөлөлт үзүүлэх замаар асуудлыг шийдэхийг хичээж байгаа ч энэ нь хэр тогтвортой байх вэ гэсэн асуулт дахин сөхөгдөх болно. Байдал энэ хэвээр үргэлжилбэл чингэлэгийн хомсдолоос болж Хятадын бүтээгдэхүүн Орост хүрэхэд төвөгтэй болж магадгүй байна.