2027 оноос Алс Дорнодын замаар Хятад руу байгалийн хий нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаа талаар Газпромын тэргүүн Алексей Миллер үр дүнгийн хурал дээрээ мэдэгджээ. Тэрээр "Бид ОХУ-ын Алс Дорнодоос Хятад руу байгалийн хийн нийлүүлэх Алс Дорнодын замыг барих төслийг аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хийг 2027 оноос нийлүүлж эхэлнэ" гэжээ.
2022 оны эцсээр Орос "Сибирийн хүч" хоолойгоор Хятад руу 15.5 тэрбум шоо метр хий экспортолжээ. 2023 онд Оросоос Сибирийн хүчээр Хятадад нийлүүлэх хийн хэмжээ 22.5 тэрбум шоо метр болно. 2025 онд хийн хоолой 38 тэрбум шоо метр төслийн хүчин чадалдаа хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн ойрын жилүүдэд Газпромын Хятад руу экспортлох нийт хэмжээ жилдээ 48 тэрбум шоо метр байгалийн хийн нийлүүлнэ мөн Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойг харгалзан үзвэл жилд бараг 100 тэрбум шоо метр хийг нийлүүлэх боломжтой гэж Миллер онцолжээ. Гэсэн хэдий ч Хятад улс Сибирийн хүчээр Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг 38 тэрбум шоо метр хий дамжуулах төслийн хүчин чадлаас нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд ийм тохиролцоонд хүрч магадгүй гэж тэрээр мэдэгджээ.“Бээжин-2022" олимпын нээлтийн үеэр Орос, Хятад хоёр ээлжит хийн хоолой барих тухай зарласан билээ. Харин энэ нь эртнээс хүлээгдэж буй “Сибирийн хүч-2” биш, харин илүү даруухан буюу тав дахин бага хүчин чадалтай төсөл байсан. Зарим хэвлэлүүд энэхүү төслийг “Сибирийн хүч-3” гэж нэрлээд байгаа. Гэхдээ төслийг ингэж нэрлэх нь буруу гэж үзэж байна. Учир нь, хийн хоолой Сибир бус Алс Дорнодоос явж байгаа бөгөөд Сибирийн хий энд ямар ч холбоогүй. Тэр тусмаа энэ төсөл “Сибирийн хүч-2”-ын оронд бус зэрэгцэн хэрэгжих аж.
