Дэлхийн олон улс оронд жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХАБЭА-н сар болгон тэмдэглэдэг. Энэ жил уг сарын аяныг “Уур амьсгалын өөрчлөлтөд аюулгүй ажиллацгаая” гэсэн уриан дор зохион байгуулж байна.
Аяны хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Хүүхдийн сектор хамтраад
цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүд болон Сурагчдын дотуур байрны бага ангийн сурагчдын дунд “Эх дэлхийгээ хайрлая!” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 24-нд дүгнэн, шилдэг бүтээлийн эздийг шагнаж урамшууллаа.
Уралдаанд нийт 930 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг цэцэрлэгүүд тус бүрдээ хийж, дараагийн шатны шалгаруулалтад 229 бүтээл ирүүлснийг тухайн өдөр Улсын тэргүүний “Ирээдүй” цэцэрлэгийн урлаг зааланд дэлгэн тавьсныг зохион байгуулагчид танилцуулав. Гар зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулах шүүлтийг Нийслэлийн ЕБ-ын 73 дугаар сургуулийн сэтгэл зүйч Р.Гэрэлчимэг, дизайн технологийн багш Д.Мандшир нар хийсэн юм. Шүүгч нар 4-5 настай хүүхдүүдийн бүтээл гэхэд тун гүн гүнзгий агуулгатай, чадварлаг бүтээлүүд байгааг онцолж, “Бяцхан багачуудын нүд, сэтгэлээр байгаль эх дэлхийгээ хайрлах хайрыг харж байгаадаа туйлын баяртай байна” гэж дүгнэлээ.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг “Энэ жил ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагаас ХАБЭА-н сарын аяныг “Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл аюулгүй ажил хөдөлмөр эрхэлцгээе” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан. Энэ хүрээнд ХАБЭА-н үндэсний хорооны гуравдугаар сарын хуралдаанаараа сарын аяныг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй юм гэж үзээд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос ХАБЭА-н сарын аяныг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарсан. Энэ гар зургийн уралдаан бол төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг. Учир нь, MNS:4969 2000 стандарт гэж бий. Энэ стандартаар сургуулийн өмнөх насны болон бүх шатны сургуулийн суралцагчдад аюулгүй амьдрах, ажиллах, аюул ослын талаарх анхдагч зөв ойлголт өгөх, аюулаас өөрийгөө хамгаалах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, сургалтын хөтөлбөрт тусгах, хэрхэн зохион байгуулах талаар тодорхой заасан байдаг.
Хүний хүмүүжил төлөвшлийн үндсэн суурь сургуулийн өмнөх насанд тавигддаг. Бид өнөөдөр төлөвшөөгүй хүмүүсийг ажлын талбарт төлөвшүүлэх гэж хүчин чармайлт гаргаснаас энэ улс орны ирээдүйг авч явах иргэдээ бага наснаас нь зөв төлөвшүүлж, ХАБЭА, уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй амьдрах зан үйл, дадал хандлагыг суулгах илүү үр дүнтэй. Тийм ч учраас энэ сургалтын хөтөлбөрийг дэмжих зорилгоор “Эх дэлхийгээ хайрлая!” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсон байна. Уралдааныг хамтран зохион байгуулсан Хүүхдийн секторын ҮЭ-ийн хороо, багш ажилчдадаа талархлаа илэрхийлье. Цаашид ХАБЭА-н сарын аяны хүрээнд тухайн жилд зарлагдсан уриан дор гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдвэрийг манай холбооноос гаргаж байна” гэв.
ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан “Гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлүүдийг нэг бүрчлэн харлаа. Маш их сэтгэл шингэсэн бүтээлүүд байна. Аюулгүй байдлыг хангахад хүмүүсийн хандлага, төлөвшил ихээхэн нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, эрсдэлт алхам хийх нь хувь хүний хандлага, төлөвшилтэй шууд холбоотой байдаг. Тиймээс энэ гар зургийн уралдаан нь хүүхдүүдэд зөв ойлголт, дадал хэвшил, хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ гэж дүгнэж байна. Цаашид энэ үйл ажиллагааг зохион байгуулахад манай албаны зүгээс дэмжиж ажиллах болно” гэв.
Уралдааны тэргүүлэгчдэд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, ХАБЭА-н албаны дарга А.Энх-Амгалан, 73 дугаар сургуулийн сэтгэл зүйч Р.Гэрэлчимэг, дизайн технологийн багш Д.Мандшир нар шагнал гардууллаа.
Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс тэргүүн байрт “Ирээдүй” цэцэрлэгийн Б.Ананд, дэд байрт мөн цэцэрлэгийн М.Ингүүмэл, гутгаар байрт “Бамбарууш” цэцэрлэгийн М.Хүслэн, тусгай байрт “Алтанхаргана” цэцэрлэгийн Д.Гэгээнээ нар шалгарсан байна.
Харин ахлах бүлгийн ангилалд “Ирээдүй” цэцэрлэгийн Б.Анунгоо, “Улиасхан” цэцэрлэгийн Г.Оюунгэрэл, “Моносхон” цэцэрлэгийн Б.Сондор нар эхний гурван байрт шалгарч, тусгай байрт “Улиасхан” цэцэрлэгийн Д.Төгөлдөрийн бүтээл шалгарчээ. Түүнчлэн, уг уралдаанд Сурагчдын дотуур байрны 1-5 дугаар ангийн хүүхдүүд оролцсоноос А.Гарьдсайхан, Ч.Мөнх-Эрдэнэ, А.Учралт нарын бүтээл эхний гурван байрт шалгарч, Н.Сондор тусгай байрын шагнал хүртсэн юм.
Ийнхүү хүүхдүүд гэгээхэн зүрх сэтгэлдээ эх дэлхийгээ хайрлах агуу хайрыг тээж явдгаа өхөөрдөм бяцхан гараараа өнгө будаг ялган урлаж дэлгэсэн өдөр тэнгэр цэв цэлмэг, нар тунгалгаас тунгалаг мандаж байлаа.