Нүүр УБТЗ ХНН ӨВЛИЙН ТЭЭВЭРТ ХОЙД ХЭСЭГЛЭЛ БЭЛЭН БАЙНА
УБТЗ ХНН

ӨВЛИЙН ТЭЭВЭРТ ХОЙД ХЭСЭГЛЭЛ БЭЛЭН БАЙНА

G.Press 7 сарын өмнө 94 үзэлт 0 сэтгэгдэл

 

СҮХБААТАР ӨРТӨӨНД ВАГОНЫ ХУРИМТЛАЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

 

Замын даргын үзлэг  өнгөрсөн сарын 29-ний өдөр Сүхбаатар зангилааны Хойт зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын найдвартай бэлэн байдлыг шалгаснаар эхэллээ. Хойт зөрлөгийн төмөр замчдын зүгээс аймгийн төв рүү орох уулын авто замыг засах хүсэлт тавьсныг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хүлээн авч, ирэх жилийн төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

Дараа нь үзлэгийн комисс Сүхбаатар өртөөнд ажиллаж, аж ахуйн нэгжүүдийн өвлийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа. Сүхбаатар хэсэглэлийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар гологдол, дутагдал, хилийн зогсолт, зурмагийн тасалдалгүй байдал, эрүүл ахуйг хангаж, осолд дөхсөн тохиолдол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлгүй ажиллаж байна.

Ачилтын төлөвлөгөө өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн ба эхний найман сарын байдлаар зүтгүүрийн хүрэлцээгүйгээс шалтгаалж 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүхбаатар-Наушки өртөөдийн галт тэрэг солилцоо оны эхний найман сарын байдлаар 138 галт тэрэг буюу 7.8 хувиар өссөн, вагоны солилцоо 4685 вагон буюу 5.77 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ерөө өртөөнд Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК нь өөрийн сэлгээний тэрэггүй “Болд төмөр-Ерөө гол” ХХК болон Монголын төмөр замын сэлгээг хүлээн зогсож байгаа нь ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолт хэтрэх шалтгаан болжээ.

Сүхбаатар өртөөнд замын нөхцөл байдал хүндэрч, вагон хуримтлагдаж, хориглосон дохиогоор сэлгээ хийхэд хүрч байгаа нь эрсдэл дагуулж байна. Иймд вагон хуримтлалын зам барих боломжийг судлах комисс томилон ажиллуулж, гэмтлийн акт тогтоож, зураг төсөв хийлгэхээр холбогдох албадад хандсан боловч одоо хэр нь төсөв гараагүй, комисс ажиллаагүй байна.   

Сүхбаатар хэсэглэл оны эхний найман сарын байдлаар 7.5 тэрбум төгрөгийн орлоготой, 7.1 тэрбум төгрөгийн зардалтай, 377 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Илүү цагийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5641 цаг буюу 138.9 сая төгрөгөөр бууруулсан нь сайшаалтай.

Сүхбаатар хот дахь төмөр замын гаалийн баталгаат талбайн ашиглалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага их байгаа ажээ. Иймд 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 тоннын даацтай гүүрэн кран худалдан авч, шинээр агуулах барьж, талбайг засаж тохижуулах шаардлагатай байгаа ажээ. Хэрэв үүнийг шийдвэрлэвэл богино хугацаанд өртөгөө нөхөж, ашигтай ажиллах боломж байгааг Сүхбаатар өртөөний дарга Хоролсүрэн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковт танилцуулсан юм.

Замын даргын үзлэгийн комисс Сүхбаатар хэсэглэлийн аж ахуйн нэгжүүдийг өвлийн тээвэрт бэлэн байна гэж дүгнэв.

 

ДАРХАН ЗАНГИЛААНЫ ОРЛОГО 12.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

 

Дархан зангилааны хувьд оны эхний найман сарын байдлаар ачилт буулгалтын төлөвлөгөөний биелэлт 87-88 хувийн гүйцэтгэлтэй, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80-106 хувийн биелэлттэй байна. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар 58.2 тэрбум төгрөгинй тээврийн орлого төвлөрүүлсэн ба урьд оны мөн үетэй харьцуулбал 12.4 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.

 Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хэсэглэлийн өртөө зөрлөгийн зам суманд оны эхний есөн сарын байдлаар 1184  үл тохирол илрүүлсэн нь өмнөх оноос 181 нэгжээр буурчээ. Энэ нь зам, сумын арчилгаа үйлчилгээ тогтмол сайн хийж байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд үйлчилгээний бүх хаягийг монгол бичиг, кирилл бичиг, англиар хийж байрлуулахын зэрэгцээ зорчигчдод зориулан бүх үйлчилгээг монгол-англи хэл дээр орчуулсан QR кодонд оруулж байрлуулсан байна.

Зорчигчдын үйлчилгээний танхимд тасалбар худалдах автомат киоск машиныг шинээр  суурилуулсан нь үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх, үйлчилгээний шинэ соёлыг хэвшүүлэхэд чухал алхам болжээ.

Дархан зангилаа нь Замын даргын А-199 тоот тушаалын дагуу ХАБЭА-н гурван шатны үзлэгийн хяналтыг тогтмолжуулснаар осол, осолд дөхсөн тохиолдол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлгүй ажиллаж байна.

Их барилга, хөрөнгө оруулалтын хувьд төлөвлөгөөний биелэлт сайн байна. Тухайлбал, Орхон өртөөний барилгын дээвэр, гадна фасад, дотор их засварыг 119.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэснээ танилцуулав.

Дархан зангилаа нь 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлыг хангахын тулд дотооддоо 28 зүйлтэй төлөвлөгөө боловсруулан ажиллаж, 100 хувиар биелүүлээд байна.  Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай Замын даргын А-521 тоот тушаалд тусгагдсан Дархан-1 өртөөний МРЦ-ийн барилгын халаалтын хуучин 100 кВ-ын ялтсан дулаан солилцуурыг 200 кВ-ын шинэ бойлруураар солих ажлыг хийж дуусгажээ.

Үзлэгийн үеэр Дархан татах хэсэгт зүтгүүрийн аюулгүй байдлын төхөөрөмжүүдэд гэмтэл их гарч байгаа, зүтгүүрийн ашиглалтын үзүүлэлт хангалтгүй, зүтгүүрийн бригадын цаг ашиглалтад анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов. Сэлбэг материалын хангалт, нөөц бүрдүүлэлтэд тавих хяналт сул, хурд хэмжигчийн нөөц дууссан байгааг байцаагч анхааруулав. Мөн Зүүнхараа зангилааны татах хэсэгт бууршгүй нөөцийн жагсаалтыг шинээр батлуулж, нөөцийг зөв бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Дархан өртөөний хамт олон түүхт 75 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажил өрнүүлж байгаа тухайгаа үзлэгийн комисст танилцууллаа. Тухайлбал өртөөний зоорийн давхрын хоёр өрөөг өөрсдийн нөөц боломжоор тохижуулж, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн зориулалтаар ашиглахаар бэлэн болгожээ. Энэ танхимд фитнесийн  тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхийг өртөөний удирдлагууд үзлэгийн комиссоос хүслээ.

 

ЭРДЭНЭТ ӨРТӨӨ ЗАМЫН ДАРГЫН ҮЗЛЭГТ МАШ САЙН БЭЛТГЭЖЭЭ

 

Хаана ч орсон дөнгөж шинээр ашиглалтад орсон юм шиг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр харагдаж байлаа. Өртөөний үйлчлүүлэгчийн танхимыг иж бүрэн засварласан нүдэнд тусахаар сайхан болжээ. Ингэж засвар хийхдээ галын дохиоллыг орхигдуулсан, гадна талын холбооны болон цахилгааны кабель утаснуудыг далдлаагүй зэрэг нь байцаагчийн анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж байв.  

Эрдэнэт өртөө нь оны эхний есөн сарын байдлаар 36.3 тэрбум төгрөгийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь нэгдүгээрт, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 77.065 вагон ачиж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 198 вагон илүү байсантай, хоёрдугаарт өнгөрсөн оны 12 дугаар сард ачаа тээврийн тариф өссөнтэй холбоотой юм байна.  

 

“МОНОСХОН” ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ЭКО ОРЧИН БҮРДҮҮЛЖЭЭ

 

УБТЗ ХНН-ийн Хүүхдийн секторын харьяа 28 цэцэрлэг бий. Эдгээр цэцэрлэгт 4500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Зүүнхараа зангилааны “Моносхон” цэцэрлэг хоёр байртай, 10 бүлэгт төмөр замчдын болон орон нутгийн иргэдийн 356 хүүхэд хүмүүждэг. Энэ хичээлийн жилээс тус цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхэд хамгааллын бодлого, орчны стандартыг хэрэгжүүлэхийн тулд Зангилааны болон орон нутгийн засаг захиргааны дэмжлэг, Бороо гоулд ХХК-ийн санхүүжилтээр цэцэрлэгийн гадна болон дотор талд 17.6 сая төгрөгийн өртөгөөр 33 хяналтын камер суурилуулжээ. Мөн Төмөр замын Улаан загалмайн хорооноос 3.5 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдэд зориулсан 3D пассел сургалтын хэрэгсэл  олгосон байна. “Моносхон” цэцэрлэгийн багш ажилчид хүүхдэд ээлтэй, эко орчин бүрдүүлэхийн тулд  гадаад талбайгаа цэцэрлэгжүүлж, хөдөлмөрийн үйл ажиллагааны энгийн дадал олгох туршилтын талбайг тохижуулсан бөгөөд Замын даргын үзлэгийг угтаж 15 сая төгрөгийн тохижилт үйлчилгээний ажил хийсэн байна.

 

ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ, АЖЛЫН БАЙРАА ЗАСАЖ, ТОХИЖУУЛЖЭЭ

 

Зүүнхараа зангилааны С.Баттулга механиктай IV уурын зуухны хамт олон өвлийн тээвэрт уурын зуухнуудад шаардлагатай нүүрс буулгах ажлынхаа хөлсөөр хуримтлал үүсгэж, ажлын байраа засаж, тохижуулжээ. Тус уурын зуухны ажилчид барилгачин, мужааны хосолсон мэргэжилтэй учраас зураг төслөө өөрсдөө хийж, байгууллагаасаа хөрөнгө зардал гаргалгүйгээр өөрсдийнхөө чадварт суурилж, хуримтлуулсан гурван сая төгрөгөөрөө ажлын байр, бие засах өрөө, угаалгын өрөөг орчин үеийн өнгө, дизайнтайгаар иж бүрэн засварлаж, тохижуулжээ. Түүнчлэн угаалгын машин шинээр авч, ажлынхаа хувцсыг угаадаг болжээ. Тус уурын зуухны ажилчид галлагааны зуухны насосыг давхар битүү хаалттай болгосноор дуу чимээ, тоос шороог багасгаж, ажлын байрныхаа эрүүл, аюулгүй орчныг сайжруулсан байна.   

 

ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧЭЭР ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ ШИНЭЭР БАЙГУУЛЖЭЭ

 

Зүүнхараа цэрэгжүүлсэн хамгаалалтын анги Замын даргын үзлэгийг угтаж ангийн тохижилт үйлчилгээ, өвлийн бэлтгэл ажлыг хангахын тулд таван зүйлтэй төлөвлөгөө гаргаж, 100 хувийн биелэлттэй ажиллажээ.

Тус ангиас төмөр замын аюултай бүсийн үзлэг шалгалтыг он гарснаас хойш шугам замд 20 удаа зохион байгуулж, галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг сар болгон хийr, ямар нэгэн гологдол дутагдалгүй ажиллажээ. Замын нэгдүгээр ангийн хоёрдугаар болон гуравдугаар постын харуулын байруудыг төвийн халаалтын шугамд холбосон байна. Тус ангийн хамт олон Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтарч 27 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40х20 метр хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбайг өөрсдийнхөө хүчээр шинээр байгуулжээ. 

 

ӨВЛИЙН ТЭЭВЭРТ БЭЛЭН БАЙНА ГЭЖ ҮЗЛЭГИЙН КОМИСС ДҮГНЭЛЭЭ

 

Ийнхүү Замын даргын үзлэг хойд хэсэглэлд амжилттай болж өндөрлөлөө. Үзлэгийн дүнгийн хурал дээр байцаагч нар өөрсдийн хариуцсан чиглэлээр хийсэн үзлэгийн дүнг танилцуулж, анхаарах санамж зааварчилгааг өгөв. Дараа нь Замын удирдлагууд зангилаадын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн дарга нарт үүрэг даалгавар өгч, холбогдох асуудлаар Замын даргын тушаалд оруулж шийдвэрлэх болно гэдгийг мэдэгдэв.

Хойд хэсэглэлийн зангилаадын аж ахуйн нэгжүүд өвлийн тээвэрт бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэлээ.

 

 

     Г.Энхбаатар                                

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.