Нүүр Ярилцлага Ө.Уранбайгаль: Зорчигчийн галт тэрэг зогсоход таксины үнэ хоёр дахин өсдөг
Ярилцлага

Ө.Уранбайгаль: Зорчигчийн галт тэрэг зогсоход таксины үнэ хоёр дахин өсдөг

G.Press 6 сарын өмнө 426 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн орлогч дарга Ө.Уранбайгальтай ярилцлаа.

 

-Оны эхний гурван улирлаар танай төвийн төлөвлөгөөний биелэлт ямар байна вэ?

 

-Оны эхний есөн сарын байдлаар олон улсын галт тэргээр 18600 хүн тээвэрлэж, зорчигч тээврийн төлөвлөгөө 109 хувийн биелэлттэй байна. Олон улсын зорчигч тээврээс 6.5 тэрбум гаруй төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 112 хувиар биелсэн. Орон нутгаар 287840 зорчигч тээвэрлэж, төлөвлөгөө 113 хувиар, 11 тэрбум гаруй төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй байна.

Мөн тээш тээврээр өдөрт дунджаар 300-400 хүнд үйлчилдэг. Төлөвлөгөөгөөр 286530 байр ачаа тээвэрлэхээс одоогийн байдлаар 305467 байр ачаа тээвэрлэж, 106.6 хувийн биелэлттэй. Тээшийн кассгүй өртөө, зөрлөгөөс тээшийн вагон ачаа авч, элдэв хураамжаар орлого авдаг. Элдэв хураамжаар авсан ачаанаас 41.7 сая гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, төлөвлөгөөг 108 хувиар биелүүлсэн. Мөн зорчигчийн гар тээш хадгалалтын үйлчилгээнээс 51.1 сая гаруй төгрөгийн орлого олж, төлөвлөгөө 112 хувийн биелэлттэй байна. Тээшийн гурван кассаар 1 тэрбум 961 сая 894 мянга төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 97 хувьтай явж байна.

Мөн жижиг илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээр 73.7 сая төгрөгийн орлого олж, төлөвлөгөө 98 хувийн биелэлттэй байна. Манай явуулын кассирууд тасалбарын кассгүй өртөө зөрлөгөөс суусан зорчигчдод галт тэргэнд орж ирсэн хойно нь тасалбар бичдэг.  Кассирууд 625 сая төгрөгийн төлөвлөгөөтэй ч 740 сая гаруй төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөгөө 118 хувиар биелүүлэн ажиллаж байна. Ер нь, манай төвийн төлөвлөгөө биелэлт сайн байгаа.

 

-Галт тэрэгний тасалбарын хэдэн хувь нь онлайнаар болон киоск машинаар борлуулагдаж байна вэ?

 

-Замын хэмжээнд борлуулсан нийт тасалбарын 55-60 орчим хувь нь онлайнаар худалдаалагдсан, харин киоск машинаас 6852 зорчигч тасалбар авч, 195 сая гаруй төгрөгийн орлого орсон гэсэн судалгаа гарсан байсан.

 

-Онлайн тасалбар үйлчилгээнд нэвтэрснээр та бүхний ачаалал хөнгөрсөн байх. Одоо танай төвийн кассаар өдөр хичнээн хүн үйлчлүүлж байна вэ?

 

-Одоо өдөрт дунджаар манай касссаар 1200 орчим хүн үйлчлүүлж байна. Онлайн тасалбар нэвтэрснээр суурин кассируудын хамаагүй хөнгөрсөн байгаа. Би анх 2002 онд  суурин кассираар ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр үед таван кассир зэрэг ажиллаж байхад би нэг өдөрт л 1200 хүнд тасалбар бичиж байсан. Тухайн үед одоотой харьцуулахад зорчигчийн олон галт тэрэг явдаг байсан. Одоо зарим чиглэлийн зорчигчийн галт тэргийг нэгтгэсэн, зарим чиглэлд галт тэрэг явахаа больсон тал бий.  Одоогийн байдлаар олон улсын болон орон нутгийн нийт найман чиглэлд зорчигчийн галт тэрэг аялж байна.

 Галт тэрэгний тасалбарыг утсаар хаанаас ч,  хэзээ ч авах боломжтой болсон. Иргэд ч үйлчлүүлж сурч байна.

 

-Зорчигчийн галт тэрэгний дүүргэлт хэр байгаа вэ?

 

-Галт тэрэгний дүүргэлт бүгд 70-аас дээш хувьтаЙ явдаг. Завсарын өртөө зөрлөгөөс хүмүүс бууж, сууна. Тэгэхээр дүүргэлт хангалттай. Хамгийн өндөр ачаалалтай нь Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн 275/276 галт тэрэг байдаг. Сургууль, цэцэрлэгийн амралтын үе, нийтээр амрах баяр ёслолын үеэр зорчигчдын урсгал эрс нэмэгддэг. Үүнээс гадна 273 болон 263 дугаар галт тэргийг нэгтгэсэн учраас энэ галт тэрэг байнга дүүрэн зорчигчтой аялж байгаа.

 

-Галт тэргэний тасалбарыг онлайнаар худалдаалдаг хэрнээ тасалбарын буцаалтыг заавал биеэрээ кассан дээр ирж хийлгэж байна гэдэг гомдол гаргадаг. Энэ асуудлыг шийдэх боломжтой юу?

 

-Манайх UBTZ Tiket –ээрээ борлуулсан тасалбарыг буцаалтыг цахимаар хийдэг. Харин бусад апплейкшнээр тасалбар борлуулдаг операторуудаас авсан тасалбарын буцаалтыг одоохондоо цахимаар хийх боломжгүй байгаа. Гэхдээ зорчигчдоос нэгэнт ийм санал ирж байгаа учраас бид энэ асуудлыг шийдвэрлэхээр Мэдээллийн технологийн албатай хамтран ажиллаж байна. Мөн 19001949 утсаар тасалбар авсан бол тухайн утсандаа хандаад буцаалтаа цахимаар хийлгэж байгаа. 19001949-ийн буцаалтын зузаатгалыг манай байгууллага хийж байгаа.

 

-Галт тэрэгний тасалбар буцаалтын шимтгэл хугацаанаас хамаараад өөр өөр байдаг. Энэ талаараа манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?

 

-Зорчигч галт тэрэг хөдлөхөөс хоёр цагийн тасалбараа буцаавал тасалбарын үнийн 10 хувийг, нэг цагийн өмнө буцаавал 20 хувийг суутгадаг. Харин галт тэрэгнээсээ хоцорсон зорчигч бол галт тэрэг хөдөлснөөс хойш 30 минутын дотор тасалбараа буцаавал 50 хувийг суутгадаг журамтай.

 

-Галт тэрэгний тасалбарыг хамгийн ихдээ хэд хоногийн өмнө урьдчилж бичүүлэх боломжтой вэ?

 

-Хамгийн дээд тал нь хоёр сарын өмнө тасалбараа бичүүлэх боломжтой.

 

-Төмөр замын зорчигч тээвэр алдагдалтай ажилладаг. Сүүлийн жилүүдэд тарифийг хоёр ч удаа индексжүүлсэн ч алдагдлаа бүрэн хааж чадаагүй гэдэг.

 

-Тиймээ, УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдагдалтай хэдий ч галт тэргээ явуулсаар байгаа. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийнхээ алдагдлыг нуруундаа үүрээд ард иргэддээ үйлчилж байгаа. Хэрэв зорчигчийн галт тэрэг зогсвол хот хоорондын такси үйлчилгээний үнэ шууд хоёр дахин өсдөг. Тэгэхээр ард иргэдийнхээ амьжиргаанд энэ тээврийн үр өгөөж шууд болон дам байдлаар үр ашгаа өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэдийгээр бид алдагдалтай ажилладаг ч зорчигч, үйлчлүүлэгчдэд ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хамгийн сүүл гэхэд Замын даргын намрын үзлэгээс өмнө хонгилон гарцынхаа шалны өнгө үзэмжийг нь сайжруулж шинээр солиуллаа. Үүнийг гүйцэтгэгч компани маань үзлэгээс өмнө хийж өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, налуу шат зэргийг бид шинээр хийсэн байгаа.

 

-Шинээр нээсэн үйлчилгээ бий юу?

 

-Тээшийн сав, баглаа боодлын үйлчилгээг есдүгээр сараас нээсэн. Шуудай болон скочийг тодорхой тарифаар олгож, хайрцаг үнэгүй өгдөг. Үйлчлүүлэгчдэд энэ үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа. Өмнө нь тээшийн сав баглаа боодлын шаардлага хангахгүй ачаа авчирсан үйлчлүүлэгч Барс руу скоч, шуудай, хайрцаг олж ирэх гээд хугацаа алддаг байсан. Одоо тийм асуудал гарахгүй болсон. Энэ үйлчилгээнээс бага ч гэсэн нэмэлт орлого олж байгаа. Мөн манайх жижиг илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг. 0.5-4.5 кг жинтэй ачааг жижиг илгээмжээр авдаг. Үнэ тарифийн хувьд хямд найдвартай гэдгээрээ давуу талтай.

 

-Өөр үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан ямар үйлчилгээ үзүүлж байна вэ. Танай эх хүүхдийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл хомс байх шиг...?

 

 -Зорилтод бүлэгт чиглэсэн олон үйлчилгээ бий. Үүнийг үйлчлүүлэгчид маань мэддэг, үйлчлүүлдэг болсон. Жишээ нь, манай төвийн амрах байрны  хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд зориулсан 4 номерийн өрөөнд энэ оны эхнээс 129 үйлчлүүлэгч цагаар, 306 үйлчлүүлэгч хоногоор үйлчлүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бичиг баримтаа үзүүлээд 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг. Мөн хүүхдийн өрөөнд өдөрт дунджаар 20 орчим хүүхэд тогтмол үйлчлүүл байгаа. Үүнээс гадна тусламж хэрэгтэй иргэдийг галт тэргэнд суулгах, тэргэнцрээр үйлчлэх зэрэг угтах үйлчилгээг нэвтрүүлсэн. Жилд дунджаар 80 хүнд үйлчилж байна. Тусгайлан тоноглож тохижуулсан хүүхдийн вагонтой галт тэргээр зорчиж буй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Ээж хүүхдийн вагон нь өдөр бүр 276 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүнд явж байгаа. Тус галт тэргний 20 вагоны 9-11 мест нярай болон бага насны хүүхэдтэйгээ зорчиж байгаа ээжүүдэд зориулагдаж байгаа. Хүүхдийн вагон аялж эхэлснээр одоогийн байдлаар 7500 ээж хүүхэд үйлчлүүлсэн байна.

Мөн галт тэргээр ганцаараа зорчиж байгаа эмэгтэйчүүдэд зориулан тусгай купе гаргасан. Тодруулбал, Улаанбаатар- Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд өдөр бүр 20 дугаар вагоны 13-16 местийг ганцаараа аялж буй бүсгүйчүүдэд зориулдаг гэсэн үг. Энэ онд л гэхэд 15224 эмэгтэй зорчигч үйлчлүүлсэн байна. Ер нь ганцаараа аялж байгаа эмэгтэй тасалбараа авахдаа кассирт энэ тухайгаа хэлбэл, тухайн местийг бичиж өгдөг.

Өндөр настнуудад зориулсан мест бас бий. Энэ нь 276 дугаар галт тэрэгний 20 дугаар вагоны 5 болон 7 мест. Одоогоор 7120 өндөр настан үйлчлүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань галт тэргээр аялахдаа шаардлагатай баримт бичгээ үзүүлээд тасалгаат вагонд 30, унтлагын вагонд 20 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчдог. Он гарснаас хойш 1154 зорчигч хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

 Б.Гүнжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.