УБТЗ-ын Дархан Татах хэсгийн харьяа Хүүхдийн төмөр зам сургалтын төв ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх, төмөр замын ажил мэргэжлийг сурталчлах ажлынхаа хүрээг тэлжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн мэргэжлийн чиг баримжаа олгох лицей ангийн хүүхдүүдийн хүрээнд сургалт явуулж байсан бол энэ намраас аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас “Өсвөрийн төмөр замчин” сургалтдаа элсэлт авчээ. Энэ хичээлийн жилд тус төвд нийт 158 сурагч бүртгүүлэн хичээллэж байгаа аж. Өмнөх жилүүдэд 60-70 орчим хүүхэдтэй хичээллэж байсан аж. Төмөр замын ажил мэргэжлийг сонирхогч хүүхэд залуусын тоо нэмэгдэж байгаад тус сургалтын төвийн ажилтнууд тун урам зоригтой шинэ хичээлийн сургалтаа эхлүүлжээ. Ташрамд дурдахад 2025-2026 оны хичээлийн жилд тус төвийн сургалтад хамтрагдаж байсан 12 сурагч, ЕБС-аа төгсөөд 11 нь ОХУ-д төмөр замын мэргэжлээр тэтгэлэгтэй суралцахаар хилийн дээс алхаж, нэг сурагч ТЗИС-д элссэн байна.
Мөн тус төв дээр сарапан сампин, англи хэл, бага ангийн хичээлийн хоцрогдол арилгах сургалтууд явагддаг аж. Ингэснээр энэ хичээлийн жилд 260 гаруй хүүхэд төрөл бүрийн сургалтад хамрагдаж байгаа юм байна.
Саяхан тус төвөөс есдүгээр ангийн 27 сурагчийг ТЗИС-тай танилцах аяллыг зохион байгууллаа. Сурагчид хөтөлбөрийн дагуу ТЗИС-аар зочилж, сургалтын орчин, бааз суурьтай танилцаж, УБТЗ-ын Түүхийн музей, Чингис хааны музей үзээд буцжээ. Мөн 10,11 дүгээр ангийн сурагчдын аяллыг мөн зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.
Ташрамд сонирхуулахад Монгол Улсад цорын ганц Хүүхдийн төмөр замыг холоос ч зорин очдог хүүхэд, томчууд хөл тасардаггүй. Өнгөрсөн Хүүхдийн баярын өдөр тус төмөр замаар 1889 зорчигч үйлчлүүлсэн нь өнгөрсөн оныхоос 89-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Ер нь, энэ зуны аяллын хугацаанд нийт ... хүүхэд, томчуудад үйлчилжээ.
Хүүхдийн төмөр замын галт тэрэгний байнгын аялал дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний явагддаг бөгөөд хүйтний улиралд зөвхөн урьдчилсан захиалгат аяллыг зохион байгуулдаг юм.
Мөн ирэх сарын сүүлчээр Эрхүүгийн Хүүхдийн төмөр замын ажилтнууд тус төвд зочилж ирэхээр болсон байна.
