2023 онд Монгол Улсын эдийн засаг 5.4 хувиар өсөх төлөвтэйг Азийн Хөгжлийн Банкны шинжээчид мэдээллээ. Харин 2024 онд өсөлт илүү эрчимжиж, 6.1 хувьд хүрнэ гэж үзжээ. БНХАУ-ын эдийн засаг дахин нээлттэй болж, ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэн, дотоодын эрэлт сэргэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараах өсөлтийн мөчлөгт шилжиж байгаа нь гадаад, дотоодын санхүүжилтийн нөхцөлүүд эрс чангарснаас үл хамааран өмнөх сөрөг хүлээлтүүдийг өөрчилж байгааг тайланд тодотгожээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатайг анхааруулсан байна.