Вагон ашиглалтын депогийн харьяа Замын-Үүд ТҮГ-ын вагон үзэгч Эрдэнэ-Очирын Батдорж энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад 7830 дугаар галт тэрэгний ивүүрийг дутуу авч, аялалд гаргасныг илрүүлж, болзошгүй осол сүйрлээс сэргийлсэн байна. УБТЗ-д гурав дахь жилдээ ажиллаж буй залуу вагон үзэгчийг Замын захиргаанаас “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнажээ. Тэрбээр, УБТЗ-ын Политехник коллежийн вагон үзэгчийн нэг жилийн ангийг 2022 онд төгссөн ажээ.
Түүнтэй утсаар холбогдож, тухайн өдөр юу болсон талаар тодрууллаа.
-Тэр өдөр ажлаас буухын өмнөхөн Эрээн чиглэлд аялалд гарч байсан 7830 дугаар ачааны галт тэрэгний дөрөв, тавдугаар вагон ивүүртэйгээ хөдөлсөн байсан. Би мэдсэн даруйдаа машинчид гар дохиогоор мэдэгдээд, станцаар өртөөний жижүүрт илтгэж, яаралтай зогсоох арга хэмжээ авсан. Галт тэрэг зогсож байсан байрнаасаа 100 гаруй метр яваад л зогссон. Хэрэв тэр чигээрээ явсан бол эхний суман шилжүүлэг хүрээд вагон унах эрсдэлтэй байсан.
-Яагаад ийм нөхцөл байдал үүссэн юм бол...?
-Өртөөний туслах жижүүр нь туршлага багатай шинэ хүн байсан бололтой. Уг галт тэргийг зургаан ивүүрээр бэхэлсэн байтал, дөрвөн ивүүрийг аваад цааш “Ивүүр таарсан” гэж мэдэгдсэнээр галт тэрэг хөдөлсөн байсан.
-Энэ ташрамд төмөр замчин болсон тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн л дөө. Намайг таван настай байхад манайх Замын-Үүдэд шилжиж ирсэн. Хүүхэд байхаас л төмөр зам, галт тэрэг, төмөр замчид надад их онцгой санагддаг байсан. Тийм болохоор дунд сургуульд байхдаа л төмөр замчин болно гэж шийдсэн. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээд ажиллаж байгаадаа баяртай байдаг.
-Вагон үзэгчийн ажлыг амаргүй гэдэг. Чамд хэцүү үе тохиолдож байв уу?
-Сургууль төгсөж ирээд эхний гурван сар дагалдаж байхад жаахан хэцүү байсан. Гэхдээ ажилдаа дадаад, сураад ирэхээр хэцүү санагдахаа больчихсон. Харин ч сонирхолтой сайхан санагддаг.
-Ийм залуугаараа “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнагдлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Мэдээж сайхан байна. Гэхдээ тухайн өдөр вагоны ивүүрийн бэхэлгээг дутуу авсныг харж, галт тэргийг зогсоосондоо их баяртай байна. Хэрэв би анзаараагүй цааш явуулсан бол ямар аюултай нөхцөл байдал үүсэхийг таашгүй. Шагнал авч зогсохдоо улам сайн ажиллана аа л гэж бодсон.
-Төмөр замчин байхын сайхан нь юу вэ?
-Төмөр замчид сахилга баттай, цаг маш сайн баримталдаг нь таалагддаг. Манай ТҮГ-ынхан маань маш сайхан хамт олон байдаг. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа ах эгч нар, залуучуудаараа бахархдаг. Энэ ташрамд ТҮГ-ынхаа хамт олонд ажлын амжилт хүсье.
-Уншигчдынхаа өмнөөс өөрт тань баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай.
Б.Гүнжээ
