Зүүн Сибирийн төмөр замын 19 томоохон өртөөнд зорчигчид цахим хэлбэрээр лавлагаа авах боломж бүрдэж байна. Лавлагаа авахын тулд зурагт хуудас дээр байрлуулсан QR кодыг уншуулснаар онлайн үйлчилгээнд орж, таван төрлийн лавлагаа авах боломжтой. Вокзалд зочлогчид өмнө нь худалдаж авсан (алдагдсан) аяллын тасалбар, тийзийн үнэ, суудал байгаа эсэх, холын зайн галт тэргэнд хамгийн богино замаар зорчих зэрэг лавлагааг авах боломжтой аж. Үүний зэрэгцээ, хэрэглэгчид өмнө нь бөглөж байсан баримт бичгийнхээ жишээг харж болно. Маягтыг зөв бөглөсний дараа лавлагаа бэлтгэгдэх дээд хугацаа нь 24 цаг байна. Лавлагаа нь мэйлээр ирэх ба энэхүү үйлчилгээ нь мэдээлэл авах үйл явцыг ихээхэн хөнгөвчлөхөөс гадна дугаарлан зогсох шаардлагагүй болжээ. Үүнээс гадна өөртөө үйлчлэх лавлагааны терминалууд төмөр замын өртөөнүүдэд байрладаг. Терминалаар дамжуулан видео горимд зорчигч дуудлагын төвийн оператортой 24 цагийн турш холбогдох боломжтой юм. Операторууд зөвхөн орос хэлээр зогсохгүй англи, хятад хэлээр дэлгэрэнгүй зөвлөгөө өгдөг аж. Жишээлбэл, оператор жуулчдад хотоор аялахад нь вокзал дээр амрах өрөө захиалж өгөх, нийтийн тээврийн талаар мэдээлэл олгох зэргээр тусална. Мөн өөртөө үйлчлэх терминал нь вокзалын талаарх ерөнхий мэдээлэл, үйлчилгээний цэсэд нэвтрэх, вокзал дахь байршлууд буюу бүтэц, тусгай үйлчилгээ шаардлагатай хүмүүст зориулсан вокзалын хүртээмжтэй байдлын талаарх мэдээллийг авах боломжийг олгодог. Нэмж дурдахад, терминалаар дамжуулан та одоогийн галт тэрэгний хуваарийг харах, заасан маршрутын галт тэрэг хайх зэрэг үйлдлүүдийг хийж болно.