Нүүр УБТЗ ХНН Өртөө, зөрлөгийн цэцэрлэгүүдийг улсад өгөхгүй
УБТЗ ХНН

Өртөө, зөрлөгийн цэцэрлэгүүдийг улсад өгөхгүй

G.Press 5 сарын өмнө 128 үзэлт 1 сэтгэгдэл

 

 

                  Замын даргын долоо хоногийн нэгдсэн хурлыг Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан удирдлаа.

Тайлант долоо хоногт гологдолгүй, харин Зүтгүүрийн аж ахуйн албанд хоорондын замд зүтгүүрт гэмтэл гарч тусламж авсан найм, Тээвэр зохион байгуулалтын албанд болон СИРДП-Е хэлтэс тус бүр хоёр, Дохиолол холбооны алба нэг, Замын аж ахуйн алба нэг, бусдаар дөрөв, нийт 18 дутагдал бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол хоёр, дутагдал 140 нэгжээр буурсан байна. 50 дахь долоо хоногт 98 радио галт тэрэг аялсны 12-ыг мөрдүүлэн аялуулж, таван галт тэрэг саатжээ.

Оны эхнээс 12 дугаар сарын 11-нийг дуустал 31 сая 580.5 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөг 103.9 хувиар биелүүлэв. Мөн 22 сая 378.6 мянган тонн ачаа ачиж, 104.5 хувиар биелүүлсэн байна.

Мөн орон нутгийн 248100, транзит 116800, экспорт 245700, импорт 87800 тонн буюу нийт 698400 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 14.4 мянган тонноор бага үзүүлэлт юм.

Тайлант долоо хоногт “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 29 вагон илүү буюу 2438, “Шивээ-Овоо” ХК 21 вагон илүү буюу 1462, “Эрдэнэт” үйлдвэр 20 вагон илүү буюу 300 вагон тус тус ачсан байна. Харин “Шарын гол” ХК уурхайн гаралт муу, дамжлага эвдэрсэн зэрэг шалтгаанаар 31 вагон дутуу буюу 904 вагон ачжээ. 

Замын хэмжээнд 6033 вагон буюу хоногт дунджаар 14 вагон илүү буулгаж, төлөвлөгөөг 101.7 хувиар биелүүлжээ.

Мөн хэсгийн хурдын 39 км/цагийн төлөвлөгөөг 0.49 км/цагаар давуулав. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 29 галт тэрэг 2550 минут зогсож, хэсгийн хурдыг 0.03 км/цагаар удаашруулжээ. Галт тэрэгний дундаж жин тайлант долоо хоногт 3393.78 тонн болж төлөвлөгөөнөөс 193.78 тонноор илүү, өмнөх долоо хоногоос 92.03 тонноор дутуу байна. Харин зүтгүүрийн бүтээмж 1457.49 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 7.49 мянган бохир тонн/км-ээр илүү гарчээ.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 113 галт тэрэг /728.1 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /718.1 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16 галт тэрэгт хүрчээ.

Харин нарийн царигийн галт тэрэг солилцоо өмнөх долоо хоногоор буурч, 53 галт тэрэг /410.1 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /418.2 вагон/ хүлээлгэн өгөв.

Сүхбаатар-Наушкиар 58 галт тэрэг /403.4 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /365.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.2 галт тэрэг боллоо.

Тайлант долоо хоногт чингэлгийн 79 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос нэгээр илүү, оны эхнээс нийт 3636 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 652 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2357, импортын 380 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт 236 чингэлгээр дутуу, транзит 292 чингэлгээр давсан байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 660 чингэлэг, 2078 вагон ачаа байна. Экспортын ачааг төрлөөр нь авч үзвэл төмрийн хүдэр 1184, жонш 312, зэсийн баяжмал 133, нүүрс 445, тэжээл дөрвөн вагон байгаа аж.

Мөн хурлаар Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар ЗТЯ-нд энэ сарын 19-нд эцсийн байдлаар өгөх гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хангалтгүй байгаа тул бүх албад нэг даруй тайлангаа өгөхийг анхааруулав. Тэрбээр, дутуу ажлуудаа яаралтай гүйцээх, хойшилсон болон төсөв мөнгөгүйгээс хийгдээгүй ажилдаа бодитой тайлбар хийхийг санууллаа.

Түүнчлэн, Мэдээллийн технологийн албаны дарга Х.Анар ажлаа тайлагнав. УБТЗ ХНН-ийн цахим шилжилтийн богино хугацааны буюу 2030 он хүртэлх бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа аж. Тус албаны шинээр хийж, эсвэл хөгжүүлж буй зарим программ эцэслэн дуусахгүй удаж байгаа нь захиалагч талтай холбоотой гэдгийг тэр онцлов. Тухайлбал, зүтгүүрийн засвар, ашиглалтын программ дуусахгүй удаж буй нь Зүтгүүрийн аж ахуйн албанаас техникийн даалгавраа гаргаж эцэслэн баталж өгөхгүй байгаатай холбоотойг хэллээ.

Мөн энэ үеэр Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр илчит тэрэгний парк шинэчлэх, их засварт оруулах зэрэг тулгамдсан асуудлуудыг хөдөлгөөний хоёр албанаас гадна Техникийн бодлогын алба ч бодлогодоо тусгаж, ирэх жилийн төлөвлөгөөнд оруулахад анхаарал хандуулахыг хүссэн юм.  

Түүнчлэн, Замын даргын зөвлөх Р.Раш хүүхдийн цэцэрлэгүүд төмөр замчдын ажил амжилтад хэрхэн нөлөөлдгийг төр засгийн байгууллагад зөвөөр ойлгуулах шаардлагатайг хэлж, “Намайг Замын даргаар ажиллаж байхад Ерөнхий хорооны зүгээс Баянтүмэн тасгийг тотацын газар учир татан буулга гэж шахаж байсан. Гэвч би саналыг хүлээж авалгүй асуудлыг зөв талаас нь тайлбарлахад тухайн үеийн ОХУ-ын Зам харилцааны сайд Геннадий Матвеевич Фадеев, нэгдүгээр орлогч сайд Эдуард Сергеевич Поддавашкин нар миний тавьж буй саналыг “зүйтэй юм” гэж хүлээн авч, татан буулгахыг зогсоож байсан. Өнөөдөр Баянтүмэн бол Монгол Оросын харилцааны гол түшиц газруудын нэг болж байна. Ер нь, байгаа юмыг үгүй хийх амархан. Харин буцаагаад босгох, бий болгох хэцүү. Нийгмийн салбарыг бусдад үнэгүй шилжүүлснээр зөвхөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тээврийн аюулгүй байдалд ч ноцтойгоор муу нөлөө үзүүлж болно шүү” гэв. Үүний хариуд Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд “Шалган байцаах комиссын дүгнэлтэд нийгмийн салбарын байгууллагуудыг үе шаттайгаар гаргах, улс болон орон нутагт шилжүүлэн өгөх тухай тусгасан. Энэ талаар Ерөнхий сайд ОХУ-д айлчлахад яригдсан юм билээ. Тэгээд биднийг саналаа өг гэсэн. Цэцэрлэгүүдээ өглөө гэхэд шугам замын төмөр замчдын хүүхдүүдийг явуулдаг өртөө, зөрлөгийн цэцэрлэгүүдээ авч үлдэхээр ярьж байгаа. Улсад шилжвэл төмөр замчид хүүхдээ өгч болохгүй юм биш. Үүнийг маш сайн ярилцана. Дээр нь ажилчдын цалин, урамшуулал гээд олон асуудлыг хэлэлцээрээр шийднэ” гэсэн юм.

Хурлын төгсгөлд Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралд орох хүмүүсээ тодорхой болгохыг сануулж, он дуустал бүгд сахилга хариуцлагаа дээшлүүлэн ажиллаж, тээврээ маш сайн хийхийг үүрэг болголоо.

 

            М.Наранболд

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 5 сарын өмнө
Нэгдүгээр зэргийн замтай өртөө