“Оросын төмөр замууд” НХН 2025 онд Хойд-Өмнөд олон улсын тээврийн коридорын нэг хэсэг болох Астрахань, Волгоград мужуудын 30 км төмөр замыг засварлахаар төлөвлөж байна. Астрахань мужид “Оросын төмөр зам”-ын хөрөнгө оруулж байгаа гол хэсэг нь Аксарайская-2 станцын сэргээн засварлах ажил болон Аксарайская-2 - Малый Арал хоорондын хоёрдугаар замыг барих ажил орж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр дэд бүтцийн байгууламж тэр дундаа Бүгд Найрамдах Казахстан улстай харилцах галт тэрэгний хүчин чадлыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.
2000 онд Орос, Энэтхэг, Иран улсууд Хойд-Өмнөд олон улсын тээврийн коридор байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хожим нь оролцогчдын тоо 14 болон өргөжсөн байна. Энэтхэг, Иран, Персийн булангийн орнуудаас Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачааны урсгалыг Европ руу татах нь дээрх төслийн зорилго байсан юм. Суэцийн сувгаар дамжин өнгөрөх далайн замтай харьцуулахад зай нь хоёр дахин багасаж, тээврийн зардал, цаг хугацааг хэмнэсэн төсөл болж байжээ.
