ОХУ-ын Монгол Улстай хиллэдэг Зүүн Сибирийн төмөр замын Наушки-Сүхбаатар боомтоор таван сарын 31-ны байдлаар 3 сая гаруй тонн олон улсын ачаа тээвэрлэсэн гэж Оросын Төмөр зам компаниас мэдээлжээ.

Экспортолсон ачааны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өсөж, 2.4 сая гаруй тоннд хүрсэн байна. Монголд нийлүүлсэн ачаа бараа 1 сая тонн болсон нь 7 хувиар, Монголоор Хятад руу транзит тээврийн ачаа бараа 1.4 сая тоннд хүрсэн нь 55 хувиар өссөн үзүүлэлт аж.

Түүнчлэн импортын тээвэрлэлт 23 хувиар өссөн байна. Монголоор дамжсан БНХАУ-ын тээвэрлэлт 620 мянган тонн, Монгол Улсаас ОХУ руу 75 мянган тонн ачаа бараа тус тус тээвэрлэсэн нь нөлөөлжээ.