Замын даргын үзлэгийн комисс Ерөө өртөөнд очих үеэр төмөр замчдын 56 айлын орон сууцны нөхцөл байдлын талаар асуудал хөндөгдөв. Замын даргын өмнөх үзлэгээр комисс томилж, Ерөө өртөөний төмөр замчдын 56 айлын орон сууцанд гэмтлийн акт тогтоож, үе шаттай засварлах боломжийг судлан  цаг алдалгүй шийдвэрлэх үүрэг өгчээ. Комисс ажиллаж гадна фасадны их засварт 417.3 сая, вакум цонхны засварт 179.4 сая төгрөг буюу нийтдээ 596.7 сая төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.  Одоо төсөв хийгдээгүй учраас засварын ажил эхлээгүй байна.  

Замын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч А.Батболд энэ асуудалтай холбогдуулан Ерөө өртөөний төмөр замчдад хандаж “Замын даргын үзлэг болгон дээр нэн шаардлагатай засвар үйлчилгээ хийх обьектуудын асуудлыг нэг бүрчлэн авч үздэг. УБТЗ-ын хувьд бид ачаа тээврийн тарифаа дөрвөн удаа нэмсний үр дүнд  эхний ээлжид төмөр замчдынхаа цалин, урамшууллыг тодорхой хэмжээгээр нэмж чадлаа. Дараагийн ээлжид 1982 оноос хойш засварт ороогүй байгаа Улаанбаатараас Багахангай, Багахангайгаас цааш гээд 200-аад км замыг яаралтай засах шаардлагатай байгаа.

Хэдийгээр ачаа тээврийн тарифаа нэмсэн ч цаана нь манай тээврийн нэлээд хувийг эзэлдэг дотоодын эрчим хүчний нүүрс болон түлшний тээвэрлэлт алдагдалтай хэвээрээ байна. Ингээд хуримтлагдсан жаахан орлогоо хэрхэн зарцуулах талаар нэн шаардлагатай асуудлаа жагсаагаад үзэхээр орон сууцны хувьд яах аргагүй Замын-Үүд, Сайншанд, Багахангай гээд говь хээрийн бүс нутгийн төмөр замчдын орон сууцны асуудал тэргүүн ээлжид тавигдаж байна. Говийн зарим өртөөнд ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны нөхцөл хүнд байгаа. Иймд бид төмөр замчдаа бэлэн орон сууцаар хангаж чаддаггүй юм гэхэд ямар ч гэсэн УБТЗ-ын зүгээс дэд бүтцийн шугам сүлжээг нь бариад өгье, орон сууцыг нь ипотекийн зээлээр барилгын компаниудаар бариулж, асуудлыг шийдье гэж байгаа. Энэ жил Замын-Үүд, Сайншанд, Багахангай өртөөдэд энэ хэлбэрээр орон сууц барьж байна.

УБТЗ-ын хувьд ойрын хугацаанд 80 км замыг заавал засах хэрэгтэй байгаа. Энэ жил үүнээс 44 км замд засвар хийсэн. Зам нь сайн байж дээгүүр нь явах ачаа тээвэр нэмэгдэх учиртай. Иймд аль алиных нь уялдаа холбоог барьж, ашиг орлогоо аажим, аажмаар нэмэгдүүлснээр л төмөр замчдынхаа орон сууцны хангамж, барилгын засвар, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай.

Ерөө өртөөний төмөр замчдын 56 айлын орон сууцны хувьд ирэх жилийн төлөвлөгөөнд гадна фасадны их засварт шаардлагатай 417.3 сая төгрөгийг тусгаж, засварыг ирэх хавар эрт эхлүүлнэ. Харин вакум цонхны засварт шаардлагатай 179.4 сая төгрөгийг энэ удаа тусгах боломж хомс байна” гэж хэллээ.

 

Г.Энхбаатар