Замын дарга Х.Хэрлэн долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцсон тав, бусдаар хоёр, нийт долоон дутагдал гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гологдол хоёр нэгжээр өсөж, дутагдал найман нэгжээр буурчээ.
Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 12-ныг дуустал 7180.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.4 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөтэй харьцуулбал 433.3 мянга, өмнөх оны мөн үеэс 542.2 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм.
Мөн хугацаанд 5107.4 мянган тонн ачаа ачсан нь төлөвлөгөөг 193.9 мянга, өмнөх оны мөн үеэс 175.2 мянган тонноор тус тус давуулсан амжилт аж.
Харин тайлант долоо хоногт 5649 вагон буулгаж, хоногт дунджаар 26 вагон дутуу буулгасан байна. Буулгалт төлөвлөгөөнд хүрээгүй шалтгаан нь Эрээн өртөөний замд коксжсон нүүрсний нөөцгүй болсноос ачилт хийгдээгүй буюу 290 вагоноор буурсан байна. Мөн буулгалтын өртөөний замд хуримтлагдсан нефтийн бүтээгдэхүүн салбар замд эзэлгээтэй, савгүй, гаалийн бүрдүүлэлт болон хаяг солих шалтгаанаар 600 орчим вагоны төлөвлөгөө буурчээ. Түүнчлэн, мидлингийн тээвэр зогссоноос орон нутгийн буулгалт 120 вагоноор төлөвлөгөө тасарсан зэрэг шалтгаантай байгааг Тээвэр зохион байгуулалтын албаны Ерөнхий инженер Л.Бямбасүрэн танилцууллаа.
Орон нутгийн 231300, транзит 124900, экспорт 229200, импорт 83200 тонн буюу нийт 668600 тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс үзэхэд экспортын болон орон нутгийн ачилт төлөвлөгөөндөө хүрээгүй байна. Шалтгаан нь гэвэл экспортын хувьд ЗТЯ-ны улсын ахлах байцаагчийн 2025 оны наймдугаар сарын 20-ны актаар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар хориглосон, мөн БНХАУ-ын сар шинийн баяр болсонтой холбоотой ил, далд уурхайн хятад ажилчид нутаг буцаж олборлолт түр зогссон, тээврийн төлбөр хийх бэлэн мөнгөгүй зэрэг нь нөлөөлжээ.
Харин орон нутгийн ачилт буурсан нь Тавантолгой төмөр зам мидлингийн тээвэрлэлтээ хийхгүй байгаагаас шалтгаалан 7800 тонн алдсан байна.
“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 113 вагон илүү буюу 2717, “Шивээ-Овоо” ХК 32 вагон илүү буюу 1316, “Шарын гол” ХК 111 вагон илүү буюу 892, Эрдэнэт” үйлдвэр 16 вагон илүү буюу 332 вагон тус тус ачжээ.
Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 39.38 км/цагаар биелүүлж, төлөвлөгөөнөөс 0.1 км/цагаар өсгөв.
Галт тэрэгний дундаж жин 3285.21 тонн болж, төлөвлөгөөнөөс 35.2 тонноор, өмнөх долоо хоногоос 40.28 тонноор өссөн байна. Зүтгүүрийн бүтээмж төлөвлөгөөнөөс 48.1 мянган бохир тонн/км-ээр өсөв.
Тайлант долоо хоногт тасалдлаас шалтгаалсан 14 галт тэрэг 1320 минут зогссон байна.
Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 114 галт тэрэг /715.8 вагон/ хүлээн авч, 113 галт тэрэг /716.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.1-16.2 галт тэрэг болжээ.
Нарийн царигаар 57 галт тэрэг /443.7 вагон/ хүлээн авч, 58 галт тэрэг /471.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.1-8.2 галт тэрэг болов.
Харин Сүхбаатар-Наушкиар 55 галт тэрэг /363.7 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /308.5 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.7-7.8 галт тэрэг солилцож, өмнөх долоо хоногоос буурсан байна.
Тайлант долоо хоногт чингэлгийн 83 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос хоёроор илүү, оны эхнээс нийт 747 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 117 галт тэргээр давжээ.
Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2600, импортын 690 чингэлэг шилжүүлэн ачив. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 660 чингэлэг, 1867 вагон ачаа байна.
Түүнчлэн, Зүтгүүрийн болон Вагоны аж аж ахуйн албаны дарга нар ажлаа танилцуулав. Зүтгүүрийн аж аж ахуйн албаны дарга А.В.Мальцевын хэлснээр нийт 23 хос дугуйд энгийн магадалгаа хийж, нэг хос дугуй сольж, есөн дугуй зоржээ. Одоогийн байдлаар бандажны нөөц дууссан нь тулгамдсан асуудал болж буй аж.
Вагоны аж аж ахуйн албаны хувьд тайлант долоо хоногт УБТЗ-ын 45, хувийн хэвшлийн ес, нийт 54 вагон зассан байна. Он гарсаар 404 вагон дунд засварт оруулснаар жилийн төлөвлөгөөний 20 хувийг гүйцэтгэжээ.
Энэ үеэр Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр “Оросын төмөр замаас хоёр илчит тэрэг түрээсэлж байгаа. Дахин нэг тэрэг нэмж түрээсэлнэ. Ингэснээр зохион байгуулалтыг хийгээд дөрөвдүгээр сарын 1-нээс хоногийн паркийг 58-д барьж ажиллана” гэсэн бол Замын даргын зөвлөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш Толгойт дахь үл эвдэх сорилтын лабораторид зам талбайг нь гаргаж бүрэн ашиглахыг сануулж, “Нэг сайхан зүйл ярьж байгаад сураг нь тасардаг байж болохгүй” гэж шүүмжлэв.
Хурлын төгсгөлд Замын дарга Х.Хэрлэн дараах үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.
Ирэх сарын 1-3-нд ОХУ-д Олон улсын тээврийн форум болно. Уг хурлаар тээврийн коридор байгуулах ТЭЗҮ-үүдээ нэгтгэх тухай хэлэлцэх тул манай талын ТЭЗҮ-д орж буй өөрчлөлттэй холбоотой шаардлагатай мэдээллийг Техникийн бодлого, стандартчиллын албанд албад цаг алдалгүй гаргаж өгөх.
Монгол Улсын тэргүүн шадар сайд Ш.Энхбаяр тэргүүтэй сайд нартай Замын дарга уулзаж, УБТЗ-ын өнөөгийн нөхцөл байдал, хөдлөх бүрэлдэхүүний дутагдал зэрэг тулгамдсан асуудлыг танилцуулах тул удирдлагууд саналаа нэгтгэж өгөх.
Гологдол, дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх.
Тээврийн тоон болон чанарын үзүүлэлтийг төлөвлөгөөндөө тогтмол барьж, ГТХАБ-ыг бүрэн хангаж ажиллахыг анхаарууллаа.
М.Наранболд
