“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох” зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж, хэлэлцсэн асуудлаар өнгөрсөн Баасан гаригт оролцогч талууд протоколд гарын үсэг зурлаа.
Зөвлөгөөнөөр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын V хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэхээр тохиролцсон гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/ -ны хэмжээний биелэлтийг хэлэлцэж, 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцож, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 12 орон 2025 онд төмөр замын олон улсын харилцаанд тээвэрлэхээр тохиролцсон ачааны тээвэрлэлтийн нөхцөлийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
УБТЗ-ын хувьд 2024 онд 21.2 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцож байсан бол 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцлоо. Энэ нь өнгөрсөн онынхоос нэг сая тонн ачаа илүү тээвэрлэнэ гэсэн үг юм. Ингэснээр төмөр замаар тээвэрлэх манай улсын экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ өсөж, УБТЗ бүс нутгийнхаа тээвэр логистик, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж байна.
Зөвлөгөөний протоколд гарын үсэг зурах ёслолын үеэр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг тус байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг гардуулав.
