Нүүр Гэгээн анир Өөрийгөө хайрлахын гайхамшиг
Гэгээн анир

Өөрийгөө хайрлахын гайхамшиг

G.Press 6 цагийн өмнө 45 үзэлт 0 сэтгэгдэл

Амьдралынхаа хамгийн үнэтэй хүнийг хайж явсаар би нэг л зүйлийг ойлгосон. Холоос хайж байсан хайраа, дотроо аль хэдийнэ тээж явжээ. Намайг хэзээ ч орхилгүй дагаж, алдахад минь тэвэрч, шаналахад минь тайтгаруулж, баярлахад минь хамт инээсэн хамгийн үнэнч хүн минь би өөрөө байж.

Би олон хүнийг хайрлаж, санаа тавьж, инээмсэглэлээрээ бусдыг баярлуулах гэж хичээж ирсэн. Заримдаа өөрийнхөө зүрхийг чимээгүйхэн орхисон үеүд олон. Ядарснаа нууж, гунигласнаа дарж, “Би зүгээрээ” гэж өөртөө хэлж явсан мөчүүд ч маш олон байлаа. Бусдын сэтгэлд  халуун дулаан үлдэхийг хүсдэг байсан ч заримдаа өөрийнхөө зүрхэнд ямар их хайр, халамж хэрэгтэй байсныг анзаараагүй өнгөрөөсөн үе ч бий. Бусдад өгөх хайраа харамладаггүй хэрнээ өөрийгөө л мартаж орхиж. Харин одоо бүрэн дүүрэн ойлгосон. Бусдад гэрэл түгээхийн тулд эхлээд өөрийнхөө доторх гэрлийг асаах хэрэгтэй юм байна. Өөрийгөө сонсож, өөрийгөө тэвэрч, бас тэр сайхан инээмсэглэлээ өөртөө зориулж сурах учиртай аж. Одоо л би өөрийгөө сонсож сурч байна. Би төгс байж, үргэлж хүчтэй харагдах албагүй юм байна. Алдана, гуниглана, уйлна, дахин босно. Учир нь миний амьдралын хамгийн үнэ цэнтэй хүн нь би өөрөө л юм билээ. Би бие махбодио хайрлаж сурч байна. Олон жилийн турш намайг авч явсан үнэт орон зай бол миний бие. Тиймээс түүндээ анхаарал тавьж, амрах үед нь амарч, эрүүл байхын үнэ цэнийг мэдэрч байна. Үүнийг ухаартлаа хэдэн жил бэдрэв би. Гоо сайхнаа өөрөөр харж эхэлсэн. Гоо сайхан гэдэг зөвхөн залуу насны гэрэл биш. Амьдралын туулсан зам, тэвчээр, ухаарал, дотоод гэрэлд ч өөрийн гэсэн үзэсгэлэн оршдог. Цэцэг бүхэн дэлгэрэх цагтай адил хүн бүрийн гоо үзэсгэлэн өөр өөрийн мөчид цэцэглэдэг.

Залуу нас минь надад мөрөөдөл өгсөн. Идэр нас минь надад хариуцлага, ухаарал өгсөн. Ахимаг нас минь надад өөрийгөө илүү таних ухааныг авчирч байна. Би нас бүртээ өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй.  Бусдаас хайр хүлээхээсээ өмнө өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулж сурч байна. Хэн нэгэн намайг үнэлэх эсэхээс үл хамааран өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх нь өөрөө үнэ цэн юм. Бас өөрийнхөө хамгийн сайн найз байж сурч байна. Өөрийгөө буруутгах үедээ зөөлөн тэвэрч, айсан үедээ зориг өгч, баярласан үедээ өөртэйгөө хамт баярлаж сурч байна. Миний аз жаргал зөвхөн надад биш, хайртай хүмүүст минь ч хүрдэг гэдгийг би ойлгодог болсон. Намайг тайван байхад гэр минь дулаахан тухтай болдог. Инээмсэглэхэд минь хайртай хүмүүсийн минь өдөр гэрэлтдэг. Би өөрийгөө хайрлах тусам эр нөхөр, үр хүүхдүүддээ дулаан хайрыг өгч чаддаг. Би өөрийнхөө амьдралд идэвхтэй оролцоно. Тиймээс ч өдөр бүрийн жижигхэн баяр баясгаланг анзаарч, сайхан зүйлсийг мэдэрнэ. Шинэ мөрөөдөлтэй боллоо. Учир нь амьдрал урсаад өнгөрөх хугацаа биш, харин түмэн өнгө, мянган амт, чинадын чинад дахь агуулгыг мэдрэх гайхамшигтай аялал юм. Би өөрийгөө хүндэлнэ. Өөрийнхөө гэрлийг унтраахгүй. Би бүсгүй хүн учраас хайр, тэвчээр, ухаарал, гоо сайхны нийлбэр, амьдралынхаа хамгийн нандин хүн нь.

Чи минь үзэсгэлэнтэй байгаарай. Гэхдээ бусдад таалагдахын тулд биш, өөртөө хайртай учраас л тэр. Өөрийгөө хүндэлж, гоо сайхандаа анхаарч, инээмсэглэлээ хадгалж яваарай. Чиний минь нүүрний хувирал, нүдний баяр баясгалан гэр бүлийн чинь аз жаргалын нэг хэсэг болдог.

Чи минь эрүүл байгаарай. Өөрийнхөө биеийг хайрла. Сайн амарч, зөв хооллож, хөдөлгөөнтэй байж, сэтгэлээ тайван байлгаарай. Учир нь эрүүл, аз жаргалтай эмэгтэй гэрийнхээ хамгийн үнэтэй баялаг.

Чи минь эерэг байгаарай. Амьдралд хэцүү үе ирсэн ч итгэл найдвараа бүү алд. Нэг сайхан үг, дулаан тэврэлт, инээмсэглэл чинь хайртай хүмүүсийнхээ өдрийг өөрчилж чадна. Чиний минь сайхан энерги гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүтээдэг.

Чи минь идэвхтэй амьдраарай. Өөрийн хүсэл мөрөөдлөө хэзээ ч бүү орхи. Шинэ зүйл сур, сонирхлоо хөгжүүл, алхам тутамдаа амьдралын сайхан мөчүүдийг мэдэр. Өөрийн гэсэн баяр баясгалантай эмэгтэй бүхэн илүү гэрэлтдэг.

Би амьдралынхаа замд өөрийн гэсэн үнэ цэнтэй мөрийг бүтээж явна. Сэтгүүлч мэргэжилдээ ч хайртай. Энэ миний амь зуухын төлөө хийдэг ажил биш, харин миний үзэл бодол, дотоод ертөнц, амьдралын нэг хэсэг. Хүмүүсийн түүхийг сонсож, тэдний дуу хоолойг хүргэж, үнэнийг эрэлхийлж, амьдралын өнгө бүрийг мэдэрч, заримд нь урам нэмж, итгэл өгдөг. Заримынх нь сэтгэлийн ачааг хуваалцаж, эрмүүн хүсэл тэмүүллийг нь ноцоодог. Тиймээс ч энэ мэргэжил миний зүрхний сонголт юм. Сэтгүүлчийн бичсэн үг, өгүүлбэр хэн нэгэнд урам, итгэл, гэрэл болж чадвал л хамгийн том үнэ цэн. Гэхдээ би зөвхөн нэг л мөрөөдлөөр хязгаарлагдахыг хүсдэггүй. Өөрийн авьяас, сонирхол, дуртай зүйлсээ хөгжүүлж, хоббигоо үнэ цэнтэй бизнес болгохоор зорьж буй. Учир нь хүн дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийхдээ эд мөнгө олохоос илүү баяр баясгалан, урам зоригоор өөрийгөө цэнэглэж, улам л гэрэлтдэг аж.  Боломжоо тэлж, олон орлогын эх үүсвэртэй, биеэ даасан, бүтээлч амьдралыг бүтээхийг хүсдэг. Энэ бүхэн зөвхөн мөнгөний тухай биш, өөрийнхөө үнэ цэнийг улам нээж, илүү олон хүнд сайн сайхан зүйл түгээх хүсэлтэй минь холбоотой. Би эрүүл мэндээ, гоо сайхнаа, энерги хүчээ хайрлаж байна. Амьдрал үргэлж төгс байдаггүй ч эерэг бодол, уучлах сэтгэл, талархах мэдрэмж хүнийг улам гэрэлтүүлдэг. Бүсгүй минь, чи минь хангалттай үнэ цэнтэй. Амьдрал минь, би чамд хайртай. Бүх сургамж, дурсамж, гайхамшигтай мөчүүдийн чинь төлөө би чамд үргэлж талархана.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.