УБТЗ ХНН “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хоёр жил хамтран ажиллах гэрээг оны эхээр байгуулсан. Энэ хүрээндээ олон төмөр замчныг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж байгаа билээ. Энэ талаар “SM” эмнэлгийн ерөнхий менежер О.Оюунзаяатай ярилцлаа.
-Танай эмнэлэг УБТЗ ХНН-тэй хамтран ажиллах болсон талаараа танилцуулна уу?
- Манай “SM” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Мөр өөд” нэртэй сайн үйлсийн аян зохион байгуулсан. Аяныхаа хүрээнд гурван жилийн өмнөөс гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа УБТЗ-ын Зорчигчийн болон Зүтгүүрийн депо, Вагон ашиглалын деподын хүсэлтээр зөвхөн эрчүүддээ зориулж үзлэг зөвлөгөөг өгч байсан. Улмаар өнгөрсөн оны сүүлчээр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэд тэргүүн Б.Азжаргал манай эмнэлэгтэй хамтарч ажиллах хүсэлт тавьснаар энэ үйл ажиллагаа өргөжиж, хоёр жилийн хугацаатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Бид хамтын ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийн дагуу шугам зам дагуух төмөр замчдадаа үзлэг оношилгоог хийсээр байна. Манай эмнэлгийн салбар болох “Эй Ай Меди Монголиа” эм ханган нийлүүлэх байгууллага маань “CerviCare AI" системээр эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны төхөөрөмжийг Монголд оруулж ирсэн. Хамгийн сүүлийн үеийн энэ төхөөрөмжөөр УБТЗ-ын 6000 эмэгтэйг умайн хүзүүний оношилгоонд үнэ төлбөргүй бүрэн хамруулахаар зорьж байна.
-Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд төмөр замчид хэр хамрагдаж байна вэ?
-Төслийн ажиллагаа эхэлснээс хойш ЭХУХ-ийн I анги, УБТЗ-ын Удирдах газар, Зорчигчийн вагон депо, ТЗДС, АБТЭМА зэрэг байгууллагын ажилтан албан хаагчдыг хамруулсаар байна. Эдгээрээс өдөр товлоод манай эмнэлэг дээр ирж үзүүлэхээр болсон байгууллага ч байна. Богино хугацаа өнгөрч байгаа ч хамрагдалт сайн байна.
-Үзлэг оношилгооны үр дүнгээс танилцуулна уу?
-Төслийн нээлт нэгдүгээр сарын 11-нд эхэлснээс хойш манай эмнэлэг 4-5 байгууллагад үзлэг оношилгоо хийсэн. ЭХУХ-ийн I ангид ажлын байранд нь урологи, хөлийн судас болон хэвлийн эхо оношилгоо, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг гэсэн дөрвөн чиглэлээр ажилчдыг хамрууллаа. Давхардсан тоогоор нийт 200 гаруй төмөр замчин үзлэгт орсон. Чиглэл бүр дээр буюу судасны эход 63 хүн үзүүлэхэд цөсний чулуутай, цөсөн дээрээ ургацагтай хавдрын урьдал шинж илэрсэн гэхчлэн тохиолдлыг илрүүлсэн. Мөн элэгний хатуурал илэрч дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх зөвлөгөө өгсөн. УБТЗ-ын Удирдах газарт гурван чиглэлээр 70 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, судас, бамбайн эхоноос гадна “CerviCare AI” системээр эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны төхөөрөмжөөр оношилгоо хийсэн. Эндээс бамбайн зангилаа, үүнээс үүдэх мэс засал товлох зэрэг оношилгоог тодруулсан. 10-аад хүнд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөөг өглөө. Зорчигчийн вагон депод гурвалсан гэрээний дагуу умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо хийсэн. Долоо хоногт хоёр удаа зөөврийн оношилгоотойгоо очихоор төлөвлөсөн. Зорчигчийн вагон депод 60-70 хүн үзэхэд хавдрын урьдал шинж долоон эмэгтэйд илэрсэн. Нийт 58 хүнээс 5-6 хүн урьдал шинжтэй гарсан. Хавдар байх магадлалтай учир цааш үзүүлж оношоо баталгаажуулах хэрэгтэй. Эдийн шинжилгээг манай эмнэлэг дээр авдаг. Эдийн шинжилгээгээр тухайн хавдар хортой хоргүйгээ мэдсэнээр дараа дараагийн арга хэмжээгээ авч явах учиртай.
-Саяхан “SM” эмнэлэг Залуучуудын төв байгууллагатай хамтран шугам замд ажилласан. Энэ талаараа танилцуулна уу?
-Урд замд зургаан чиглэлээр эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн. Нэгдүгээр сарын 29-нд урд замд гарч Улаан-Уул өртөөнд 38 эмэгтэйг үзэхэд хоёр нь хавдрын урьдал шинжийн оноштой, судасны эход 57 хүн үзүүлснээс 5-6 нь үрэвсэлтэй, хагалгаанд орох заалттай байна. Хэвлийн эход 63 хүн үзүүлэхэд 2-3 хүн маш өндөр эрсдэлтэй өндгөвчний уйланхай, бөөрний архаг үрэвсэл, умайн хоргүй хавдар илэрсэн. Тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгч дараагийн эмнэлэгт шилжүүлсэн. Урологи бөөрний мэс заслын эмч үзлэг хийхэд эрэгтэй 15 хүнээс төмсөгний дайвар, дээд үрэвсэл оноштой хүн байсан. Чих хамар хоолойд 63 хүн үзүүлснээс 50-60 хувь нь буюу, гол төлөв хамрын таславчны муруйлт, салстын хуурайшилт, хэнгэрэг цоорхой гэхчлэн өөрчлөлттэй байсан. Бамбайн эход 62 хүн үзүүлсний 30-40 хувь бамбайн зангилаатай, 4-5 хүнийг яаралтай байдлаар дараагийн шатлалын эмнэлэгт хандах зөвлөгөөг өглөө.
Эндээс эрүүл мэндийн үзлэг оношилгооны үр дүн сайн гэж дүгнэж болно. Учир нь нарийн мэргэжлийн эмчийн тусламж яаралтай хэрэгтэй байгаа хүмүүстээ тусалж чадсан.
-Одоо хамтарсан төлөвлөгөө бий юу?
-Бид энэ сарын 18-21 хүртэл хойд замд гарахаар төлөвлөж байна. Сэлэнгэ, Дарханд хоёр өдөр үзлэг оношилгоо хийнэ.
Төвийн хэсэглэлийн төмөр замчин эмэгтэйчүүд манай “SM” эмнэлэг дээр ажлын зургаан өдөр, ажлын үнэмлэхтэйгээ ирж умайн хүзүүний оношилгоонд үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэх боломжтой.
Хиймэл оюун ухаанд суурилсан “CerviCare AI” системийн төхөөрөмжөөр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эрт үед нь тавхан секундэд 98 хувийн магадлалтай оношлуулж эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг нийт төмөр замчдадаа уриалж байна.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.