Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж Замын даргын үзлэгээр “Онц” үнэлгээ авсан УБТЗ-ын Баянбуурал амралтын газрын хамт олон өнөтэй сайхан өвөлжиж байна. Цас ихтэй, амрагчид олонтой, байгалийн цэвэр агаарт чаргаар гулгах хүүхдүүдийн инээд хөөр цангисан өвлийн өдрүүд үргэлжилсээр байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Их бүтээн байгуулалт хийгдэж өнгө төрхөө засжээ. Амралтын газрын онцлог нь гаднын хүний нүдэн дээр ажил үйлчилгээгээ явуулдаг учир алдаа, оноо нь ил харагддаг. Энд эрүүл сайхан агаар, эко бүтээгдэхүүнээр хийсэн амтат хоол, кофе шоп, буфет, өөртөө үйлчлэх найман нэрийн барааны дэлгүүр, тохь тухтай амрах байр, спорт заал, баар, караоке, фитнес заал, биллиард, ширээний теннис тоглох үйлчилгээг нэг дор цогцлоожээ. Баянбуурал амралтын газрын ажилтан П.Ганцоож, Д.Ням-Очир, Г.Эрдэнэбулган нар шатны доорх ашиглагдахгүй байсан талбайг хүүхдүүд тоглож, амрах дуртай хэсэг болгон тохижуулсан байна.
Өвлийн байрныхаа гадна фасадыг дулаалгатай метал хавтангаар хийснээр амрагч, үйлчлүүлэгч нараас “Өрөө хүйтэн байна” гэсэн гомдол үгүй болж, “Өрөөнүүд дулаахан, тохитой сайхан байна” гэсэн талархлын үг сонсох болжээ. Тэд амрагч, үйлчлүүлэгчдийн шаардлага, санал хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг, үйлчилгээгээ улам сайжруулсаар байна. Тодруулбал, өөрсдийн дотоод нөөц материал, хүч боломжийг ашиглан зуны амралтын байрны цонх, хаалгыг вакум болгож, дотор талын хана таазыг битүү рэк модон доторлогоо хийж, паркетан шалтай болгон тохижуулсан байна. Мөн Баянбуурал амралтын газрынхан 30:10 харьцаатай дөрвөн улирлын хүлэмж барьж ашиглалтад оруулж, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салад навч, сонгино, юуцай зэрэг нарийн ногоогоор хачирласан амтат хоолоор амрагчдаа дайлж байна. Нарийн ногоог арчлах ургуулах, арвин ургац авах ажлыг С.Хүрэлтулга хариуцаж ажилладаг аж. Баянбуурал амралтын газар ирсэн амрагчид буцахдаа заавал талх худалдаж авна. “Баянбуурал” талх амралтын брэнд бүтээгдэхүүн билээ. 2003 онд чанарын гэрчилгээ авсан энэ талх амттай, үе дамжин өвлөгдөж ирсэн жороор хийдэг бүтээгдэхүүн юм.
Ажиллах орон тоо дутуу, нэг ажилтан 1-2 хүний орон тоог нөхөж ажилладаг завгүй хүмүүс ч олон ажлыг өөрсдөө хийж бүтээдэг, үнэхээр хөдөлмөрч, ажилсаг хамт олон. Угаалгын цехийн ажилтан Т.Нарангэрэл, Д.Пүрэвсүрэн нар чөлөөт цагаараа зуны байрны зөөлөн эдлэл, 147 ширхэг цагаан хэрэглэж оёжээ. Сар шинийн баярыг тохиолдуулан гараар татсан хонь, үхрийн мах, хонины сүүл, гоньдоор амталж хийсэн бууз, баншаа борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Хот хөдөөнөөс захиалга ихтэй, хотоос захиалга авч тээшинд хийгээд хүргүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна.
Бүжгийн танхимдаа 3:6 харьцаатай 18 ам.метр электрон дэлгэц, тайзтай болж, 200 хүн хүлээн авах багтаамжтай зааланд бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах болсон нь Баянбуурал амралтын газрыг хамт олноороо зорьж ирэх хүмүүсийн тоог нэмэгдүүлжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амралтад зочилж, иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулжээ. Байгууллага хамт олон, тэр тусмаа тамирчид энд ирж бэлтгэл сургуулилтаа хийдэг уламжлал тогтжээ. Учир нь байгалийн сайхан эрүүл агаарт фитнес клуб, спорт заал, халуун ууртай хослуулах нь амжилт гаргах үндэс болох дамжиггүй билээ.
П.Түмэндэмбэрэл