Хаврын дунд сарын нарлаг сайхан өглөө УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспидецийн механикжсан ангийг зорилоо. Энд хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжийн нэгэн адил ажил явагддаг ажээ. Өглөө 7.30-д ажил эхэлдэг. Өглөө болгон нэгдсэн шуурхай зөвлөгөөнөө хийж өдрийн ажлын үүрэг даалгавар өгнө. Ингээд ачаа хүлээн авагч нар олгох ачаа барааг гаалийн үзлэгт бэлтгэж ачуулах, агуулах, талбай, чингэлгээс бараа материалыг хүлээн авагч эздэд нь олгох ажлыг гүйцэтгэхээр тус тусын ажлын байр руугаа явцгаана.
АБТЭМА нь төвийн хэсэгтээ Ялгалтын болон Чингэлгийн цех гэх хоёр том талбайтай, мөн Орон нутгийн ачаа, Толгойтын болон Амгалангийн гэх мэт ачилт, буулгалтын таван цехтэй. Дээр нь Товарын контор, Захиргаа аж ахуй, Машин механизм засварын цех гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Толгойтын цехэд гэхэд л Улаанбаатарт орж ирж байгаа онцгой болгоомж шаардсан чингэлэгтэй ачааг гаалийн хяналтад хүлээн авдаг. Харин Орон нутгийн ачааны цехэд орон нутгаас ирж байгаа барилгын материал, төмөр болон задгай вагоноор ирж байгаа ачааг ачиж, буулгадаг байна.
АБТЭМА-ны төвийн хэсгийн Чингэлгийн цехийн цэлгэр том талбайд MG-50/10 маркийн 50 тонны болон 32.5-тонны даацтай нүсэр том кранууд төмөр замаар ирсэн ачаатай чингэлгүүдийг оосорлогч, ачаа вагон хүлээлцэгч нарын зөвшөөрөл, дохио зангаагаар өргөж, нааш цааш зөөвөрлөнө. Тээвэр зуучийн компанийн төлөөлөл, гаалийн байцаагч нар энэ талбайд мөн ажиллаж, дор бүртээ бичиг баримтын бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажлаа хийж байгаа харагдана.
Энэ үеэр ачаагаа хүлээж авахаар ирээд байгаа Долоон болдог ХХК-ийн хангамжийн менежер Д.Шинэбаяртай уулзахад “Манай компани тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг. Миний хувьд 2018 оноос УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспидецийн механикжсан ангитай хамтран ажиллаж байгаа. Манайх ОХУ-аас тавилгын хавтан болон бусад түүхий эдийг сар тутам төмөр замаар татаж авдаг. АБТЭМА-ийнхны үйлчилгээ хурдан шуурай байдагт бид баяртай байдаг” гэв.
Ялгалтын цехэд ч мөн адил ажил ундарч байгаа харагдана. Шинээр нээгдсэн чингэлгүүдээс сэрээт ачигч буюу манайхны нэрлэдэгээр По машинууд модон тавцантай хайрцаг савтай ачаа барааг өргөж, зөөж заасан газарт эгнүүлэн байрлуулах юмуу, эсвэл хүлээн авагч талын машинд ачиж байгаа харагдана.
АБТЭМА нь түрээсийн гэрээгээр давхардсан тоогоор 168 байгууллага, ачаа тээврийн чиглэлээр 238 зуучийн байгууллагатай болон бусад хувь үйлчлүүлэгчтэй харьцдаг байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод төмөр замын ачаа тээврийн 12-13 терминал байна. Дээр нь авто тээврийн терминалууд нэмэгдэж байна. Энэ их өрсөлдөөн дунд өөрсдийнхөө талбайг байнга ачаалалтай ажиллуулахын тулд АБТЭМА-ын хамт олон идэвх санаачилгатай ажиллацгааж байна.
“Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө” гарган ажиллаж, 2026 он гарснаас хойш ажлын зохион байгуулалтыг сайжруулахын тулд байгууллагын даргын 12 тушаал шийдвэр гарган мөрдүүлж байгаа ажээ. Үүнд, ачаа тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, шуурхай ажлыг зохион байгуулах журам, Менежментийн нэгдсэн тогтолцооны жилийн зорилт, Дотоод аудит хяналт шалгалтын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө, Ахуйн болон ажлын байрны урсгал засвар хийх, Их засварын ажлыг аж ахуйн аргаар гүйцэтгэх зэрэг тушаал, шийдвэр, журам батлагдсан байна.
Дээрх шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Тухайлбал, АБТЭМА-ийн “Ачаа тээврийн үйлчилгээ” нь чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын шаардлагыг тус тус хангасан тул 2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Стандарт хэмжил зүйн газраас гэрчилгээ авсан байна.
Ахуйн болон ажлын байрны урсгал засвар хийх, Их засварын ажлыг аж ахуйн аргаар гүйцэтгэх тушаалын дагуу одоо энд барилга засварын ажил ид өрнөж байна. Үүний үр дүнд эхнээсээ зарим хэсэг нь ашиглалтад орж эхэлжээ. Өмнө нь гаалийн байцаагч нар Гаалийн хяналтын талбайн гол хаалганы хажууд жижиг сендвичин байранд шахцалдан суудаг байсан бол одоо АБТЭМА-ийн конторын засвар хийсэн байранд “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д тухлах болжээ.
Сурвалжилга хийх явцад үдийн цайны цаг таарсан тул ажилчдын хоолны газраар орж үзлээ. Суух сандал олдохгүй бүх ширээ хүнээр дүүрчээ. Өдөр өдрийн хоолны цэс өөр, үнэ харьцангуй хямд. Ажилчид хоолны талоноор хөнгөлөлттэй үйлчлүүлдэг юм байна. Өмнө нь цайны газартаа гадны гэрээт байгууллага ажиллуулдаг байсныг больж, Катерингийн хэлтсийн салбарыг оруулсан нь ажилчдын сэтгэлд нийцсэн ажээ.

УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспидецийн механикжсан ангийн орлогч дарга С.Энхбаяртай уулзаж зарим зүйлийг тодруулж ярилцлаа.
-Танай АБТЭМА-ийн онцлог юу вэ?
-Манайх хөдөлгөөний албанд харьяалагддагч үйл ажиллагаа нь ихэнхдээ үйлчилгээ тал руугаа чиглэгдсэн. Бид төмөр замын бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад зах зээлийн өрсөлдөөн дунд ажиллаж байгаа байгууллага. Ачиж буулгах энэ том талбайнуудаа бүрэн ашиглаж, ачаалалтай байлгахын тулд янз бүрийн аргаар үзэж байна. Бусад хувийн хэвшлийн терминалынхан үнэ тарифаа цаг үеийн нөхцөл шаардлагатай уялдуулан өсгөж, бууруулж болдог бол манайд тийм биш. Замын даргын тушаалаар Замын хэмжээнд нэг л тарифыг хатуу мөрддөг. Уян хатан бус энэ тарифаас болоод бусдад үйлчлүүлэгчээ алдах, үйл ажиллагаа доголдох эрсдэл бидэнд байнга байдаг. Иймд өөрсдийн эрх хэмжээнд ачаа тээврийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ангийн даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн А/18 тоот тушаалаар Ажил үйлчилгээний тарифыг бүлэглэн багцлан баталж, аль болох уян хатан байлгах үүднээс ажил үйлчилгээний зургаан багцыг шинээр бий болгосон. Энэ тушаал үр дүнгээ өгөх байх гэдэгт итгэж байна.
Манай УБТЗ-ын бусад өртөө, зөрлөгүүд ихэнхдээ ачилтын үйл ажиллагаа явуулдаг. Замын-Үүд гэхэд л төмөр замаар орж ирсэн ачааг зөвхөн шилжүүлэн ачдаг. Харин манайх бол ачаа барааг яг эзэнд нь олгодог. Нэг үгээр хэлэхэд яг дэлгүүрийн үйлчилгээтэй л адилхан үйл ажиллагааг бид явуулах шаардлага тулгардаг.
-АБТЭМА руу чиглэж байгаа ачааны хэмжээ хэр байна вэ?
-Сүүлийн үед ачааны хэмжээ багасаад байна. Бид өглөө болгон судалгаа авч байгаа. Жишээ нь, Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөн дээр байгаа буух зам эзэлгээтэй, дараагийн вагонууд хүлээгдэж байгаа вагоны судалгааг авч, эдгээр вагонуудаас манайх өөрийнхөө талбай дээр буулгах боломжтой ачааг татаж авах ажлыг зохион байгуулах ажлыг хийж байна. Өчигдөр гэхэд Улаанбаатар өртөөн дээр буулгалтын фронтгүй байсан 36 вагоныг манайх татаж аваад буулгасан. Урд шөнө АПУ ХК-ийн болон “Натур агро” ХХК-ний долоон вагон барааг татаж аваад буулгасан. Ирж байгаа ачааны хэмжээг хараад олголт авах захиалгуудаа хараад бусад ажлуудтай холбож, цех нэгжүүдийнхээ ажилтай уялдуулан хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хуваарилалт хийсний үр дүнд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
-Танай техникийн хүрэлцээ хангамж хэр зэрэг байна вэ?
-Манай төвийн хэсэгт 50 тонны нэг, 32 тонны нэг, Амгаланд 32 тонны кран нэг, Орон нутгийн ачааны цехэд 12.5 тонны кран бий. Хүнд ачааны хэсгийн 12.5 тн-ы кран элэгдэлд орсноор түр зогсоосон. Засвар хийхээр хүлээгдэж байна. Түүнчлэн Ялгалтын цехэд гурван сэрээт ачигч, Чингэлгийн цехэд гурван сэрээт ачигч өдөр бүр гарч ажиллаж байна. 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан крануудын бууршгүй нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээд ажил хийхээр төлөвлөөд байна. Байнга гэмтэл гардаг эд ангиудыг солиулахын тулд төлөвлөгөөнд тусгагдсан зардлуудаа ашиглаж яаралтай засварын ажлаа хийнэ. Гэрээ хэлэлцээрүүд хийгдээд эхнээсээ сэлбэг хэрэгсэлийн худалдан авалт хийгдээд явж байна. Бидний хамгийн чухал зорилт бол краны хэвийн найдвартай ажиллагааг хангахад оршдог. Манай ажлын гол багаж хэрэгсэл маань кран. Хэзээ эвдрэхийг нь хүлээхгүйгээр, доголдож байгаа зүйлсийг дор нь засаж сэлбэж байх нь бидний гол үүрэг юм.
Ийнхүү УБТЗ-ын Ачих буулгах тээвэр экспидецийн механикжсан анги өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлэхийн тулд өөрсдөөс шалтгаалах бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Гаалийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, бүртгэл тооцоог хялбаршуулснаар тээвэр зуучийн байгууллага болон хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн гээд олон жишээг хэлэхэд таатай байна.
Г.Энхбаатар
