2023 онд ачаа болон зорчигч тээврийн хэмжээ нэмэгдсэн нь бүх төрлийн тээврийн орлого өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлжээ.
2023 онд бүх төрлийн тээврийн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 52.1 хувиар өссөн байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс буюу 2019 оны түвшнээс 2.8 дахин өссөн үзүүлэлт боллоо. Авто тээврийн орлого 4.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 47.3 хувиар, төмөр замын тээврийн орлого 1.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 50.4 хувиар, агаарын тээврийн орлого 941.9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 83.6 хувиар өссөн бол усан замын тээврийн орлого 1.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2.5 дахин өсжээ. Бүх төрлийн тээврийн орлого өсөхөд ачаа болон зорчигч тээврийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Үүнээс гадна өнгөрсөн онд ачаа болон зорчигч тээврийн үнэ тарифыг тодорхой түвшинд буюу авто тээврийн зардлыг цар тахлын үетэй харьцуулахад 7-8 дахин, агаарын тээврийн тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан юм. Үүний үр дүнд бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 107.4 сая тонн болж, өмнөх оноос 76.6 хувиар өсжээ. Тухайлбал: авто тээврээр тээсэн ачаа 2.1 дахин, төмөр замын ачаа тээвэр 30.3 хувиар, харин агаарын тээврийн зорчигчдын тоо 81.7 хувиар, харин олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо 2.1 дахин өссөн байна. Мөн 2023 онд цар тахлаас үүдэлтэй зогсоод байсан төмөр зам болон авто тээврийн олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг сэргээсэн нь орлогын өсөлтөд нөлөөлжээ.
Авто тээврийн орлого хамгийн өндөр дүнгээр буюу 1.5 их наяд төгрөгөөр өссөн бол агаарын тээврийн орлого өмнөх оноос 428.9 тэрбум төгрөгөөр, төмөр замын тээврийн орлого 376.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн авто тээврийн ачаа тээвэрлэлт 71.3 сая тонн болж, 2.1 дахин өссөн нь авто тээврийн салбарын орлого өсөхөд голлон нөлөөлжээ. Авто тээврийн орлого өсөхөд экспорт, импортын өсөлт нөлөөлсөн бөгөөд өнгөрсөн онд авто тээврээр экспортын ачааны 86 хувь, импортын ачааны 45.3 хувийг тээсэн байна.
Агаарын тээврээр олон улс, орон нутагт 1.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оноос 81.7 хувиар өссөн бол тээврийн орлого 941.9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 83.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Харин төмөр замын орлого 1.1 их наяд төгрөг болсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сан 167 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. “Улаанбаатар төмөр зам” өмнөх онд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2023 онд 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.