Нүүр Ахмад үе “Онц тээвэрчин” онцгой хөдөлмөрч Б.Пансан
Ахмад үе

“Онц тээвэрчин” онцгой хөдөлмөрч Б.Пансан

G.Press 18 цагийн өмнө 13 үзэлт 0 сэтгэгдэл

Буриадын Пансан гуай Архангай аймгийн Булган сумын уугуул. Тэрбээр, 1975 онд төмөр замын салбарт хөл тавьснаас хойш 36 жилийн хөдөлмөр, амьдралаа зориулжээ. Замчнаас жолооч хүртэл ажиллаж, олон жил Замын IV ангийн VIII хэсэг, 1031 дүгээр километрт хөдөлмөрлөж байгаад гавьяаныхаа амралтад суужээ. Б.Пансан гуай 1972 1975 онд цэргийн алба хаах хугацаандаа Дорноговь аймгаас цэрэгт татагдсан залуустай танилцаж, тэдний ярианаас төмөр замын ажил, амьдралын тухай анх сонссон байна. Тухайн үед төмөр зам түүний хувьд танил бус, холын ертөнц байв. Гэвч цэргүүдийн яриа түүний сонирхлыг төрүүлж, цэргээс халагдаад нутаг буцахын оронд төмөр замыг зорих шийдвэрт хүргэсэн гэдэг. Тэр үеийн нөхцөл өнөөдрийнхөөс огт өөр. Хүн хаана очиж, ямар ажил эрхлэхээ өөрийн танил, найз нөхдийн яриа, итгэл дээр тулгуурлан шийддэг байв. Б.Пансан гуай цэргээс халагдсан даруйдаа нутаг буцалгүйгээр Дорноговийг зорив. Нутгийн хүн, хэсгийн мастер Н.Даваасүрэн тэнд ажиллаж байсныг мэдэж, түүнийг зорин очсон нь төмөр замтай холбогдох эхлэл нь болжээ. Б.Пансан 1031 дүгээр километрт, VIII хэсэгт дагалдан замчнаар ажиллах болжээ. Тухайн үед ажлын арга туршлага эзэмшин, шалгалт өгч зэрэг авдаг байв. Хэсгийн мастер Н.Даваасүрэнгийн удирдлага дор ажиллаж, замын ажлын нарийн ширийнийг биеэр хийж сурчээ. Замчны ажил хөдөлмөрийн хүндийг өөрийн биеэр мэдрүүлдэг. Замын бүрэн бүтэн байдал, техник хэрэгслийн ажиллагаа, дэр мод солих, зам засварлах зэрэг өдөр тутмын ажлын цаана төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асар их хариуцлага бий. Б.Пансан энэ хариуцлагыг арван жил үүрчээ. Тэрбээр, “Зүгээр суухгүй ээ. Замчдын ажилд оролцоод л явна. Дэр мод сольж байхад нь очоод тусална. Хадаасыг нь ч гэсэн авч өгнө. Би чинь хөнгөхөн, хөдөлгөөнтэй болохоор гүйгээд л, гялалзаад л явдаг байсан” хэмээн дурсана. Энэ үгнээс түүний ажилдаа хандах хандлага тодхон харагдана. Ажилгүй суухыг тэрбээр таашаадаггүй. Замчнаар ажиллаж байхдаа Б.Пансан гуай жолоочийн мэргэжлийг эзэмшжээ. Түүнд ахмад жолооч Довдон их зүйлийг зааж сургасан байна. Түүнийг дуудаж, машинаа хэрхэн ухраах, эвдрэл гэмтлийг хэрхэн оношлох талаар зааж өгдөг байв. “Энэ машиныг янзал. Энийг ингэдэг юм, тэрийг тэгдэг юм” хэмээн практикаар зааж сургажээ. Ингэж ахмад жолоочоос суралцсан мэдлэгээ Авто сургуульд бататгаж, улмаар шалгалт өгч жолооч болсон байна. Тухайн үеийн жолоочийн мэргэжил өнөөдрийнхөөс ондоо байжээ. Машин тэрэг ховор, байгууллага бүр өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй байх нь түгээмэл бус. Тиймээс жолооч гэдэг мэргэжил нэр хүндтэй, хариуцлагатайд тооцогдож байв. Жолоочийн ажил замчдыг ажлын талбайд хүргэж өгөхөөс илүү өргөн хүрээтэй. Өдөр тутам замчдаа ажилд нь хүргэж, буцааж авчирна. Замын ажилд шаардлагатай техник хэрэгслийг зөөнө. Эвдэрсэн багаж, тоног төхөөрөмжийг засахад нь тусална. Зарим үед замын машин техникийг засварлах, мотор солих зэрэг ажлаар анги дээр дуудагдана. Дуудсан цагт бэлэн байх ёстой. Өдөр, шөнө ялгаагүй дуудлага ирнэ. Тиймээс машинаа үргэлж бэлэн байлгаж, тос масло, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, цэвэрлэж тордон, гараашдаа бэлэн байлгах нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын нэг хэсэг байлаа. Жолооч хүн машинаа өөрөө арчилж, тордож, эвдрэл гэмтлийг нь аль болох өөрөө засаж сурах шаардлагатай байжээ. Олон жил нэг хэсэгт ажилласан хүн тухайн газрынхаа замыг бусдаас илүү сайн мэднэ. Б.Пансан гуай 1031 дүгээр километрт олон жил ажилласан учраас замынхаа нугачаа, донсолгоо, онцлогийг андахгүй. Түүний хувьд энэ нь олон жилийн дадлага, туршлагаас бий болсон мэдлэг байлаа. Зам дээр халуун наранд ажиллаж буй замчдаа ч тэр анхаарна. Тэднийг түр амрах, нарнаас хамгаалах боломжийг бодож, машины эд зүйлсийг ашиглан халхавч хийж өгсөн тухайгаа ярина. Түүний төмөр замчны амьдралд мартагдашгүй үлдсэн нэгэн үйл явдал нь цоо шинэ машин хүлээн авсан өдөр юм. Шинэ тэрэг барих нь тухайн үеийн жолоочийн хувьд том баяр байв. Шинээр ирсэн техник гэдэг ховорхон тохиолдол. “ЗИЛ-130Г” машин ч өөрийн гэсэн онцлогтой, хийн даралт бүрэн дүүрч байж хөдөлнө. Зориулалтын ажиллагааг нь мэдэхгүйгээр шууд хөдөлгөх боломжгүй. Б.Пансан гуай машины ажиллагааг нь сайтар ойлгож, түүнийгээ олон жил эвдрэл гэмтэлгүй арчилж барьсаар тэтгэвэртээ гарсан байна. Тэр үеийн жолооч нарын онцлог нь унаагаа хайрлан тордож, өөрийн өнгө төрхийг шингээдэг байжээ. Б.Пансан гуай ч энэ заншлаас ангид байсангүй. Машиныхаа урд хэсгийг тоноглож, никель эдлэлээр чимэглэнэ. Ремень дээрээ үг сийлж, цагаан будгаар тодруулна. Машинаа цэвэрхэн, цэмцгэр байлгахыг хичээнэ. Тэрбээр өөрөө ч “Зүгээр суудаггүй” хүн байсан тухайгаа инээмсэглэн ярьж байв. Хэн нэгэн хоол идээд амарч байхад тэр машиныхаа ямар нэгэн зүйлийг оролдож, засаж янзалж, цэвэрлэж цагийг өнгөрөөдөг байжээ. Хангайн хүү говийн амьдралд дасаж, төмөр замын ажилдаа сэтгэлтэй болжээ. Төмөр зам түүнд зөвхөн ажил өгөөд зогссонгүй. Амьдралынх нь нэгэн бүтэн хэсгийг бүтээжээ. Анх галт тэргэнд сууж төмөр замыг зорьж явсан үеийнхээ сэтгэгдлийг тэрбээр одоо ч тодхон санадаг. Цонхоор харан сууж, нутагтаа үлдсэн аав, ээж, ах дүүсээ бодон “Би төмөр замд ажилд ороод та нартаа очно” хэмээн сэтгэлдээ хэлж явсан нь түүний амьдралын шинэ хуудсыг нээсэн мөч байжээ. Түүний дурсамжийн хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг нь нутагтаа очиж аавтайгаа уулзсан тухай яриа байлаа. Аав нь хүүгээ цэргээс халагдаад нутагтаа ирнэ гэж хүлээж, хөтөлгөө морьтой ирсэн гэдэг. Харин Б.Пансан гуай нутаг буцалгүй төмөр замд ажилд орсон явдал. Тэр үед холбоо харилцаа өнөөдрийнх шиг байсангүй. Холбоо шуудан захидал, цахилгаанаар харилцдаг үе. Хаана явааг нь гэрийнхэн нь тэр бүр мэдэх боломжгүй. Тэрбээр хэсэг хугацааны дараа нутагтаа очиход аав нь хүүгээ хараад сэтгэл нь ихэд хөдөлж, дуугарч ч чадахгүй, нүд нь бүлтэгнэж байсан тухай Б.Пансан гуай дурссан. Эцгийнхээ тэр дүр төрхийг олон жилийн дараа ч мартаагүй хуучлахдаа нулимсаа барьж дийлсэнгүй. Аав У.Буриад, ээж О.Отгон нь Архангай аймгийн Булган сумын “Пионер” нэгдэлд малчин хүмүүс байжээ. Б.Пансан гуай 1976 онд Ш.Одончимэгтэй танилцаж, гэр бүл болцгоосон. Гэргий Одончимэг нь УБТЗ ын Техник мэргэжлийн сургууль төгссөн, төмөр замын салбартай холбоотой хүн байжээ. Тэд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг хүү нь төмөр замд ажиллаж байгаад харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Бусад хүүхдүүд нь өөр, өөр салбарт хөдөлмөр эрхлэн амьдарцгааж байна. Түүний олон жил осолгүй, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг төмөр замаас зохих ёсоор үнэлжээ. Б.Пансан гуай “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “Онц хөдөлгөөнчин”, “Хүндэт төмөр замчин” зэрэг шагнал, урамшуулал хүртжээ. Тэр дундаас 2021 онд “Осолгүй манлай жолооч” шагнал хүртсэнээ дурсдаг. Шагнал бүрийн цаана нэгэн түүх бий. Хот руу томилолтоор яваад ирэхэд гаражийн дарга нь “Онц тээвэрчин” цол, тэмдгийг гардуулж байсан үе ч түүнд тодхон үлджээ. Тэрбээр олон жил унаж, арчилж тордсон техник, хамт олон, ахмад жолооч нарынхаа зааж сургасан үг, замчидтайгаа өнгөрүүлсэн өдрүүдээ сэтгэл догдлон хүүрнэнэ. Тэтгэвэрт гарсныхаа дараа хуучин “ГАЗ-53“ машинаа хувьчлалаар авч, Дорнодод трактор барьж байсан ахдаа өгсөн тухайгаа ч дурссан билээ. Ийн нэгэн үеийн төмөр замчны хөдөлмөрч зан, хариуцлага, нөхөрлөлийн үнэ цэн, хүний сэтгэлийн энгийн атлаа эрхэм нандин мөчүүдийг ийнхүү дурсаж, түүх болгон үлдээлээ.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.