УБТЗ ХНН энэ оны эхнээс арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд 29486.0 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 886.5 мянган тонноор илүү байна. Өнгөрсөн долоо хоногт экспортын 245.1 мянган тонн, импортын 77.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 49.7 мянган тонноор, импорт гурван мянган тонноор тус тус илүү байна.
Мөн энэ хугацаанд 21333.5 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 479.7 мянган тонноор илүү байна. Энэ сард буулгалт сайн байгаа аж. Арваннэгдүгээр сарын 01-21-ний өдрийг дуустал 19545 вагон буулгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1695 вагоноор давсан үзүүлэлт юм.
Оны эхнээс дамжин өнгөрөх чингэлгийн 2823 галт тэрэг аяллаа
Өнгөрсөн долоо хоногт дамжин өнгөрөх нийт 52 чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоосоо дөрвөн галт тэргээр дутуу байгаа ч оны эхнээс нийт 2823 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялаад буй нь өмнөх оны мөн үеэс 128 галт тэргээр илүү байна.
Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын өргөн царигийн галт тэрэг солилцоо өсжээ
Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 107 галт тэрэг өгч, 108 галт тэрэг хүлээн авсан. Нарийн царигаар 44 галт тэрэг хүлээн авч, 43 галт тэрэг хүлээлгэн өгсөн байна. Харин Сүхбаатар-Наушки өртөөгөөр 47 галт тэрэг өгч, 42 галт тэрэг авчээ.
Тээврийн чанарын үзүүлэлтүүд сайжрав
Өнгөрсөн долоо хоногт хэсгийн хурд өмнөх долоо хоногоосоо +1.23 км/ц-аар нэмэгдсэн бол галт тэрэгний дундаж жин өмнөх долоо хоногоосоо 7.57 тонноор өсжээ. Мөн зүтгүүрийн бүтээмж өмнөх долоо хоногоос +18.08 мянган бохир.тонн/км-ээр нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байна. Харин ажлын парк /7449/ төлөвлөснөөс 174 вагоноор нэмэгдсэнээс шалтгаалан вагон эргэлт бага зэрэг /0.1/ хоногоор удааширсан байна.
Вагон хангалтыг шуурхай зохион байгуулж, ДЦС-уудын нүүрсний нөөцийг бүрдүүллээ
Нүүрсний тээвэрт шаардлагатай вагон хангалтыг төлөвлөснөөс илүү хангаж байна. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Эрдэнэт ГОК-ийг энэ сарын 21-ний байдлаар төлөвлөснөөс 122 вагоноор илүү хангажээ. Эдгээр уурхай, үйлдвэрийн нүүрсний тээвэрт нийт 10.430 вагон хангалтыг хийсэн байна. Өвлийн ид ачааллын үед цахилгаан станцууд 14-өөс доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байхаас ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Дархан, Эрдэнэт ДЦС, Амгалан ДС, Эрдэнэт ГОК-ын 15-33 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлээд байна.
Чингэлгийн галт тэрэгний тээврийн тарифын хөнгөлөлтийг цуцалсныг мэдэгджээ
Транзит чингэлгийн тээвэр зуучлагч нарт УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн хурлаар Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлтийн тарифт үзүүлдэг 12 хүртэлх хувийн хөнгөлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.
Зарим компанид мэдэгдэл хүргүүллээ
“МРТ карго” ХХК, “Монложистик транзит” ХХК-ийн зуучлалаар явж буй сондгой чиглэлийн дамжин өнгөрөх чингэлгийн тоо Замын-Үүдийн нийт талбайд байгаа чингэлгийн 81 хувийг эзэлж байна. Тиймээс төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор сондгой талын ачаанд хязгаарлалт хийх, мөн чингэлгүүдийг зөөвөрлөх ажлыг яаралтай зохион байгуулах тухай албан тоот хүргүүлжээ.