Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам 320 км/цагийн хурдтай “KTX-Cheongryong” нэртэй шинэ хурдны галт тэрэг бүтээжээ. "KTX" нь "Korea Train Express" гэсэн үгийн товчлол ба Өмнөд Солонгосын өндөр хурдны галт тэрэгний Корил компани ажиллуулах юм. Өмнөд Солонгосын хамгийн шинэ өндөр хурдны галт тэрэг болох "Cheongryong" нь өмнөх "KTX" загвараас хурдан ба зорчигчид Сөүлээс Бусан хүртэл 2 цаг 10 минут, Ёнсанаас Гванжу хүртэл 1 цаг 30 минут орчим явах боломжтой. Нээлтийн арга хэмжээнд оролцсон ерөнхийлөгч Юн Сук Ёол “Бид өндөр хурдны галт тэрэгний системээ үргэлжлүүлэн сайжруулж, зорчигчдод илүү хурдтай, илүү тохиромжтой болгох болно. Бидний зорилго бол орон даяар сүлжээгээ өргөжүүлж, орон даяар хоёр цагийн зайнд амьдрах орчныг бий болгох явдал юм” гэлээ.
"Cheongryong" нь цөөн зогсолт хийснээр холын замд хүрэх хугацааг багасгах зорилготой юм. Жишээлбэл, Сөүлээс Пусан хүртэлх чиглэл нь зөвхөн Дэжон, Дундэгү хотод зогсдог бол Ёнсанаас Гванжу руу явах нь зөвхөн Иксанд зогсдог. "Cheongryong" байгуулах төсөл нь анх 2007 онд Газар, дэд бүтэц, тээврийн яамны өндөр хурдны төмөр замын судалгаа, хөгжлийн хөтөлбөрийн дагуу эхэлсэн ба бүх эд ангийг дотоодод үйлдвэрлэсэн.
Одоо байгаа "KTX" загваруудаас ялгаатай нь "Cheongryong" нь хуваарилагдсан эрчим хүчний системийг ашигладаг. Мөн цахилгаан эрчим хүчний нэгжүүд нь галт тэрэгний бүх хэсэгт тархдаг ба энэ нь илүү сайн хурдасгах, удаашруулах боломжийг олгоно. Энэхүү системийн бас нэг чухал давуу тал нь урд болон хойд зүтгүүрийн хэрэгцээг арилгаж, зорчигчдод илүү зай талбайг бүрдүүлдэг. "Cheongryong" нь өөр нэг "KTX" загвар болох "Sancheon"-аас 136 суудлаар илүү ба суудлын хонгилын өргөн өмнөхөөсөө 154 мм-ээр том юм. Солонгосын Газар,дэд бүтэц,тээврийн яам тавдугаар сард "Cheongryong"-ийн хоёр нэгжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба 2028 он гэхэд 31 нэгж нэмж оруулахаар төлөвлөж байна.