БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын (ОСЖД) зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсгийн төмөр замуудын 2025-2026 онд олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний хуваарь, бүрэлдэхүүнийг хэлэлцэн тохирлоо.
Тус зөвлөгөөнд УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Зөвлөгөөнд Вьетнам, Казахстан, Ардчилсан Солонгос, Хятад, Орос, Монгол улсын төлөөлөгчид оролцож, Ковид-19 цар тахлын улмаас түр хугацаанд зогсоод байсан олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний аяллуудыг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлуудаа ярилцан, 2024-2025 оны олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүн, хуваарь, зурмагийг харилцан тохиролцлоо.
Монгол Улс нь өнгөрсөн хугацаанд БНХАУ-тай Улаанбаатар–Эрээн – Улаанбаатар, Улаанбаатар–Хөх хот–Улаанбаатар, Бээжин–Улаанбаатар–Бээжин (Хятадын төмөр замын бүрэлдэхүүн) чиглэлд, ОХУ-тай Улаанбаатар–Эрхүү–Улаанбаатар чиглэлд олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
Энэхүү зөвлөгөөнөөр Улаанбаатар төмөр замын бүрэлдэхүүн бүхий зорчигчийн галт тэрэг 2026 оноос эхлэн Улаанбаатар–Бээжин–Улаанбаатар чиглэлд аялах, Бээжин–Улаанбаатар–Москва чиглэлийн олон улсын ¾ дүгээр галт тэрэгний аялал сэргэх хүртэлх хугацаанд Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлд галт тэрэг аялуулах, Улаанбаатар–Хөх хот–Улаанбаатар чиглэлд “УБТЗ” ХНН болон Хөх хотын төмөр зам групп компани харилцан хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэн аялуулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэжээ.
