Нүүр УБТЗ ХНН Олон улсын төмөр замуудын холбоо шинэ даргаа сонгожээ
УБТЗ ХНН

Олон улсын төмөр замуудын холбоо шинэ даргаа сонгожээ

G.Press 5 сарын өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

Олон улсын төмөр замуудын холбоо буюу UIC-ийн 107 дахь удаагийн Ерөнхий ассамблей 12 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд БНПУ-ын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ерөнхий ассамблейд Олон улсын төмөр замуудын холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ийн дарга ноён Алан Бероугийн урилгаар УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

107 дахь удаагийн Ерөнхий ассамблейгээр тус холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ын дарга Алан Бероугийн сонгуульт хугацаа дуусгавар болж, дэлхий даяар нийт 200 гаруй гишүүнтэй төмөр замын хамгийн том олон улсын байгууллагыг 2026-2027 оны хугацаанд Зүүн Японы төмөр замын дарга Юужи Фукусава удирдахаар гишүүн төмөр замуудын олонхийн саналаар шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн тус холбооны дэд даргаар Италийн төмөр замын гүйцэтгэх захирал Стефанно Доннарумма ажиллахаар болов.

УБТЗ ХНН нь 2011 онд Олон улсын төмөр замуудын холбоо UIC-д гишүүнээр элсэн орж өдгөө Ази-Номхон далайн бүс нутгийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн таван төмөр замын нэгээр ажиллаж байгаа юм.

107 дахь Ерөнхий ассамблейн үеэр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн БНПУ-ын Төмөр замын төв компанийн ТУЗ-ын дарга бөгөөд UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээлгэн өгч буй ноён Алан Бероу, шинээр UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээн авсан Зүүн Японы төмөр замын дарга ноён Юужи Фукусава, UIC-ийн Ерөнхий захирал ноён Франсуа Давинн, БНСУ-ын Корейл корпорацийн дэд захирал ноён Ким Гүн Су тэргүүтэй төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, нийгэмлэгийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй төмөр замуудад мэргэжил дээшлүүлэх боломж нөхцөлөөр хангах асуудлаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.