Нүүр Сурвалжилга Олон цонхтой явдаг байшинд амьдарсан он жилүүд минь баяртай
Сурвалжилга

Олон цонхтой явдаг байшинд амьдарсан он жилүүд минь баяртай

G.Press 6 сарын өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Цаг хугацаа санаанд оромгүй хурдан ажээ. С.Соёлмаа бүсгүй дөнгөж саяхан л УБТЗ хэмээх их айлын босго алхаж байсан бол хэдийнэ 25 жил өнгөрч, одоо тэр “Алтан гараа”-гаа хийж, ахмадын эгнээнд шилжих цаг болжээ.

Түүний аав Сайнхүү нь Ховд аймгийн хүн. Төмөр замын тухай, вагоны талаар сайн мэдэхгүй ч төмөр замыг их сонирхдог хүн байжээ. Өөрөө цагдаагийн байгууллагад олон жил нягтлангаар ажилласан хүн. Охиноо аравдугаар ангиа төгсөнгүүт нь 1993 оны есдүгээр сард УБТЗ руу дагуулж явжээ.

Ингээд 18 настай бяцхан охин УБТЗ-ын Орон сууцны 2 дугаар ангид ахуйн үйлчилгээний галт тэрэгний туслах үйлчлэгчээр ажиллахаар болжээ. Үнэндээ бараг л галч шахуу ажил байсан гэнэ. 14 хоног дагалдангаар ажиллаад албан ёсоор жинхэлжээ.

Түүний ажлын анхны томилолт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн ахуйн үйлчилгээний галт тэрэгний аялал байжээ. “Вагон гэдэг чинь ямар сонин юм бэ, дэржигнээд унтаж болохгүй юм” гэж хамт ажилладаг эгч нартаа хэлээд бөөн инээдэм болж байсан гэдэг. Эхэндээ нүүрс өргөж, зөөх нь жаахан хэцүү санагдана. Үйлчилгээний галт тэрэг өртөө зөрлөг болгон дээр гурав гурав хоног зогсоод төмөр замчдад үсчин, гоо сайхан, оёдолчин, гуталчин гээд олон төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Байнга олон хүний хөлд дарагдана.  

С.Соёлмаа сүүлдээ үсчний 45 хоногийн курст суралцаж, үйлчлэгчээс гадна үсчингээ хамт хийдэг болжээ. Өөрийнхээ хүсэл сонирхолоор бие дааж сурсан шинэ мэргэжлийнхээ дадлагыг хэдэн муусайн төмөр замчдынхаа толгой дээр хийсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Нэг удаа хэдэн хүний үсийг өм цөм хайчилчихаад их сандарч билээ. Тэд надаас айгаад зугатаачихсан. Харин ямар нэгэн хэл ам бололгүй өнгөрсөн. Түүнээс хойш хүний үс засахдаа маш хянуур нямбай ханддаг болсон ажээ. Одоо бол С.Соёлмаа мастер үсчин болтлоо мэргэжилдээ гаргуун болжээ.

Ахуйн үйлчилгээний галт тэрэг нь цуваандаа тусгай тоноглосон гурван вагонтой. Нэг вагон нь үсчин, гоо сайхан, оёдолчин, гуталчны ажлын байр, нөгөө вагон нь хими цэвэрлэгээнийх, харин гурав дахь нь амрах зориулалттай вагон. Ахуйн үйлчилгээний галт тэрэг нэг удаа урд замд аялахдаа бүтэн сар явна. Ирээд 14 хоног амраад хойд замд хориод хоног аялна. Галт тэрэгний багт арваад хүн ажиллана.

Ингэж аялж, ажиллаж явахдаа С.Соёлмаа олон сайхан хүмүүстай танилцаж, тэдний сэтгэлд нь хүртэл үйлчлэх юмсан гэж яарахаар өөрийн эрхгүй аз жаргал бялхана. Ингэж л С.Соёлмаа баг, хамт олонтойгоо бүтэн арван жилийн хугацаанд хамтран ажиллажээ. Харамсалтай нь 2003 онд Ахуйн үйлчилгээний галт тэрэгний үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Азаар түүний хувьд ажиллангаа Төмөр замын коллежэд суралцаад төгсөж байсан үе таарсан тул 2004 онд суудлын галт тэрэгний үйлчлэгчээр шилжин ажиллах боломж гарчээ.   

Ингээд зорчигчийн вагондоо ээлжинд гарч ажилласаас хойш бүтэн 15 жил өнгөрчээ. Вагоны үйлчлэгч бол олон хүнтэй харьцдаг учраас харилцааны өндөр соёл эзэмшсэн байх ёстой. Цэвэрлэгээ, үйлчилгээг байнга тогтмол хийж хэвших ёстой. Ер нь вагоны үйлчлэгч хүн хаалгач, галч, аяга угаагчаас өгсүүлээд бараг 20 гаруй төрлийн ажлыг хийдэг гэдэг.

Зах зээлийн шилжилтийн эхэн үед Замын-Үүдийн зорчигч үйлчилгээний галт тэргэнд явна гэдэг ёстой л эр зоригийн хэрэг байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Наймаачдын том овортой “гахай”-ны дундуур  шахцалдаад, үйлчилгээ үзүүлэх нь бүүхэл гадна гарч зогсох ч хэцүү үе байсан. Ачаа бараагаа нааш цааш болгох гээд уурлаж, бухимдаж байгаа хүмүүстэй эвтэйхэн харьцахгүй бол дүрсхийчихээд байдаг. Тэднийг аргадах ч хэцүү, байх ч хэцүү. Өөрөө бараг л  босоогоороо шахуу урт замыг туулж, хаалгаа онгойлгож, дохиогоо ч өгөхөд түвэгтэй үе байсан. Үйлчлүүлэгчид маань нэг нь нөгөөдөө өнөөх “гахай”-гаа захиж үлдээгээд алга болчихдог. Өнөөхийг нь нааш цааш нь болгож болдоггүй байсан Одоо бодоход нэг талдаа сонирхолтой, нөгөө талдаа  их бүдүүлэг байж дээ гэж бодогддог.

Вагоны үйлчлэгч С.Соёлмаа зөвхөн орон нутагт төдийгүй Москва, Бээжин, Эрхүү, Эрээний чиглэлд  явж байсан. Москвагийн галт тэрэг хамгийн хол урт замыг туулдаг. Ирж, очихдоо 10 хонодог. Сибирийн хүйтэнд вагоны доод тал мөсдөж, хөлдчихөөд түүнийг унагах гэж зүдэрдэг байлаа. ОХУ-ын хил гаалиар гарч, ороход хүндрэл бэрхшээл гардаг байсан. Тэглээ гээд яахав, гурван жил энэ чиглэлд явсан.  Бээжингийн чиглэлд хоёр жил явсан.  Эрээнд очиход галт тэрэгний дугуй солих асуудал гардаг. Бээжинд очоод галт тэрэгний багийнхан тусгай зочид буудалд амардаг байсан нь маш сайхан санагддаг.

Миний анхны багш Хаянхярваа гээд настай эгч байсан. Маш хурдан хөдөлгөөнтэй хүн байсан. Нөгөө багшийгаа дагаад хурдтай болчихдог юм шиг байна лээ. “Миний охин маш хурдтай байж, ажлаа хийгээрэй”  гэж захиж байсан. Юмыг ингэж анхааралтайгаар хийхгүй болбол нөгөө хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг учраас маш хүнд ажил шүү л гэж хэлдэг. Үүнийг бас шавь нартаа хэлж байгаа.  Одоо хэчнээн шавьтай болоод байгаагаа яг мэдэхгүй. Дагалдаж явсан, дагуулж явсан гэвэл нэлээд тоо гарах байх.

С.Соёлмаа ажлынхаа чөлөө заваар МУБИС-ийн Багшийн сургуульд суралцаж  төгсөөд Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд багшаар ажилладаг ажээ. Мөн орон нутгийн болон олон улсын уралдаан тэмцээнд 1-3 удаа тогтмол оролцдог Үсчин, гоо сайханчдын холбооны мастер үсчний болзол хангасан бүсгүй юм.

Түүнийн чөлөөндөө гараад хийх ирээдүйн ажил нь хэзээний бэлэн болжээ. Үсчин хүний аз жаргал чинь хамгийн гоё нь одоо хүний үсийг засчихаад нөгөө хүн нь Баярлалаа гэж хэлэх маш гоё аз жаргалтай мэдрэмж төрөөд байдаг.

Одоо тусгай галт тэргэнд үйлчлэгч хийж байна. Манай 20 дугаар цуваанд мэдлэг, боловсрол өндөртэй эмэгтэйчүүд ажилладаг. Тэд маань хоорондоо маш сайхан харьцдаг, хийх ёстой зүйлээ зөв зүйтэй, чамбай гүйцэтгэдэг. Манай цувааны дарга  Анхтуяа гэж бүсгүй бий. Түүнийг бид маш их хүндэлдэг. Бид нар залуугаасаа хамт мөр зэрэгцэн ажиллаж, хэн хэнийгээ  сайн мэддэг улсууд.

С.Соёлмаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, УБТЗ-ын даргын тушаалаар “Тэргүүний төмөр замчин” тэмдэгээр шагнасан бөгөөд мөн Засгийн газрын шагнал болох “Үйлчилгээний тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнасан байна.  

Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь эрхэлсэн ажилдаа үнэнч, тууштай байж, дараа дараагийн мэргэжлийг давхар эзэмшээд ирээдүйн аз жаргал ойрхон байдаг юм байна. Би ирэх он жилүүдийн замналаа бэлтгэчихсэн учраас одоо сэтгэл амар байна.

Эргэн тойрон, суудлын вагон, депогийн хамт олондоо, мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, найзууддаа хайртай шүү л гэж хэлье.

Олон цонхтой явдаг ногоон байшинд амьдарсан он жилүүд минь баяртай.

 

Г.Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.