Нүүр ЗТХЯам Олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр шуурхай нэвтрэх боломжтой болно
ЗТХЯам

Олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр шуурхай нэвтрэх боломжтой болно

G.Press 1 жилийн өмнө 159 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ  “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Шинэ сэргэлтийн бодлого", “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцэж, манай улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газар анхаарч, төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалууд барих, ашигт малтмалын томоохон ордуудын бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ төмөр замууд барих  ажлуудыг үе шаттай эрчимтэй хэрэгжүүлж байна.

Энэ зорилгоор Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр дөрвөн боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүн хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зураад байна. Энэ ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох юм. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр, олон арван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.

Цаашдаа үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх болно.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болно. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх юм.

Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр УБТЗ-ын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50.6 сая тонн, 2050 онд 90.7 сая тонн болж өсөх юм. Тэрчлэн "УБТЗ" ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хувь нийлүүлэгч Монгол Улс-ОХУ-ын талууд УБТЗ-ын дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тус нийгэмлэгийн хүчин чадлыг өсгөөд байна.

Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаашдаа төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өсөж, бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо улам нэмэгдэх болно” гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.