Төмөр замын дээд сургуулиас “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан МЗЭ-ийн УБТЗ дахь салбартай хамтран“Оюутны уянга-2023” яруу найргийн наадмыг жил бүр зохион  байгуулдаг уламжлалтай. Уг наадам нь оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол,монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үгийн цэц, ухааны царааг нь тэлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилготой юм. Энэ сарын 16-нд болсон уг наадамд 13 оюутан тус бүр хоёр шүлэг уншин үгийн цэц, оюуны цараагаараа өрсөлдсөн. Наадмын тэргүүн байрыг 3А ангийн оюутан н.Гантөмөр “Буурал аавдаа”, “Сансрын хүү дэлхийтэй танилцав” шүлгээрээ эзэлж өргөмжлөл, нэг кредитийн урамшуулал хүртэв. Дэд байрт Э2 ангийн оюутан Б.Бүрэнтөгс “Үдшийн бодрол”, “Хөөрхий”, гутгаар байрт Д-2 ангийн оюутан Н.Энхжин “Зүүд”, “Нэргүй шүлэг” бүтээлээрээ шалгарч өргөмжлөл, тус бүр 0.5 кредитийн урамшуулал авлаа. Яруу найргийн наадмыг МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Б.Дэлгэрхишиг, ТЗДС-ийн бичиг хэргийн ажилтан, редактор П.Буян-Эрдэнэ нар шүүлээ.