ТЗДС-ийн “Оюутны отряд”-ын (Замын инженерийн гуравдугаар курсийн) 17 оюутан Замын II ангид зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 12-ны хооронд цалинтай дадлага хийсэн байна. Оюутны отрядынхон тус ангийн Багахангай-Багануур хоорондын замд буюу Замын 17, 18, 19, 20 дугаар хэсэгт дадлагажих явцдаа дэр мод солих, зам өргөж чигжих, дэрийн хайрцаг дахь илүүдэл чигжээс авах зэрэг олон ажлыг хийж сурчээ. Замын ангийн зүгээс “Оюутны отряд”-ын хүүхдүүдийг орон нутагтай танилцуулах өдөрлөг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаарсан байна. Түүнчлэн, оюутнууд дадлагынхаа сүүлийн долоо хоногийг тус ангийн Техник тасаг болон Зам оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцахад зориулжээ. Отрядынхон цалинтай дадлагадаа сэтгэл хангалуун байгаагаа замчин ах эгч нартаа илэрхийлж, сургуулиа төгсөөд тус ангид ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
