ТЗДС 2018 оноос “Оюутны отряд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүссэн оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сар ажиллуулдаг болсон билээ. Тэгвэл энэ зун “Оюутан отряд-2024” хөтөлбөрт 63 оюутан хамрагдаж, ажилд үдэх ёслолын үйл ажиллагааг Удирдах газрын гаднах талбайд зохион байгууллаа.
Өнөө жил Замын II анги болон Зорчигчийн вагон депо, Вагон ашиглалтын депо, Ачааны вагон засварын деподод хуваарилагдан ажиллах юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Замын ерөнхий инженер С.П.Старцев, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Вагоны аж ахуйн албаны дарга, МУГТ Л.Болд, Замын аж ахуйн албаны дарга, МУГТ Ю.Нямжаргал, Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, ТЗДС-ийн захирал У.Мягмарсүрэн тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Үйл ажиллагааг Замын ерөнхий инженер С.П.Старцев бүгдэд нь мэнд хүргээд “Оюутан та бүхэнд маш их хариуцлагатай өдөр ирж байна. Та бүхэн төмөр замын салбар нэгжүүдээс олж авах туршлагууд амьдралд чинь хэрэгтэй мэдлэг болж үлдэнэ. Би оюутан ахуйдаа ч “Оюутны отряд”-аар их явж байсан. Миний олж авсан туршлага хойшдын амжилтад асар их нөлөөлсөн. Дээд сургуулийн багш нарын өгсөн мэдлэг, ур чадварыг та бүхэн ажлын байранд хэрэгжүүлэх нь маш том туршлага болж үлдэнэ. Би Замын ерөнхий инженер буюу ХАБЭА, инженерийн үйл ажиллагаа, техник технологийн асуудал хариуцдаг хүний хувьд хэлэхэд ажлын байранд олох мэдлэг чинь маш их тустай юм шүү. Дадлага хийж байхдаа ямар нэгэн ажил гүйцэтгэх технологийг мөрдөж, аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг хүсье. Мөн хоорондоо нөхөрлөхөөс гадна нэг нэгэндээ тусалж байгаарай. Салбар нэгжийн удирдлагууд маань ч эдгээр оюутныг маш сайн сургаж, ирээдүйн ажиллах хүчнээ сайн бэлтгээрэй” гэж хүссэн юм. Түүнчлэн, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд, Замын аж ахуйн албаны дарга, МУГТ Ю.Нямжаргал, Вагоны аж ахуйн албаны дарга, МУГТ Л.Болд тэргүүтэй удирдлагууд заавар зөвлөмж, урам зориг өгч, амжилт хүслээ. Тухайлбал, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд “Энд ирээдүйн төмөр замчид, удирдлагууд, алдартан гавьяатан, эрдэмтэн докторуудын төлөөлөл зогсож байна. Хөдөлмөр бол хүнийг хүмүүжүүлдэг, алдар гавьяаны зэвсэг. Тиймээс та бүхэн ажлын байранд очоод юу сурч, ойлгосноо хэрхэн биелүүлэх вэ, яаж туршлага болгон батжуулах вэ гэдэгтээ анхаараарай. Ажил мэргэжил бүр амттай байдаг. Хүүхэд бүр бага наснаасаа дурлаж сонирхсон мэргэжлээ сонгодог. Та бүхэн ч хүсэл мөрөөдлөө даган төмөр замын мэргэжил, сургуулийг сонгосон гэж ойлгож байна. Төмөр зам бол аливаа улс орны хөгжлийн амин судас гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсад төмөр зам эрчимтэй хөгжиж буй энэ үед энэ мэргэжлийг сонгосон оюутан залуустаа талархал илэрхийлье” гэсэн юм. Ийнхүү ажлын талбарт гарахаар “Оюутны отряд”-д багтсан оюутнуудыг салбар нэгжүүдийн удирдлагууд хүлээн авч, өөр өөрийн аж ахуйн нэгж рүү дагуулан явлаа.
Энэ үеэр оюутнуудын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.
Вагоны аж ахуйн III дамжааны оюутан Б.Чойсүрэн:
-Би II курстээ “Оюутны отряд”-д хамрагдаж, Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж үзсэн. Олон хүнтэй тулж ажиллаж үзээгүй байсан болохоор эхлээд их сандарч, бас амаргүй санагдсан ч сүүлдээ дассан. Цалин авч, өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна ажилд суралцах нь сайхан юм билээ. Энэ жил Ачааны вагон засварын депод үйлдвэрийн дадлагаа цалинтай хийхээр ангиараа 15 хүүхэд явах гэж байна. Онолоор үзсэн хичээлээ ажлын байранд хэрэгжүүлнэ гэдэг сонирхолтой. Тухайн ажлыг бодитоор хараад суралцах нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Оюутнуудад ийм боломж олгосон УБТЗ-ын болон сургуулийнхаа удирдлагуудад талархал илэрхийлье.
Замын аж ахуйн III дамжааны оюутан Д.Батцэнгэл:
-Манай ангийн 14 хүүхэд Замын II ангид очиж ажиллана. Суралцаж буй мэргэжилтэйгээ бодит ажлын байранд нь очиж танилцах болсондоо баяртай байна. Миний хувьд ажлын байранд дадлага хийж байгаагүй. Цалинтай ажиллуулна гэсэн. Гэхдээ надад цалингаас илүү сурч буй мэргэжлээ өөрийн болгож, ажилд суралцах нь илүү чухал, том боломж гэж харж байгаа. Өмнөх жил явсан хүүхдүүд “Отрядынхан замын их болон дунд засвар дээр очиж ажилладаг шүү” гэж хэлсэн. Ээж маань Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн ачаа вагон хүлээлцэгч Б.Даваасүрэн гэж хүн бий. Эмээ болон дүү нар нь ч төмөр замчид болохоор би төмөр замын, тэр дундаа хоосон талд их бүтээн байгуулалтыг хийж, юм бүтээдэг замын мэргэжил сонгосон.