Өнгөрөгч Мягмар гарагт Замын II ангийн захиргаа, ҮЭ-ийн хороо хамтран Төмөр замын их сургууль, Политехник коллежийн оюутнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад хоёр сургуулийн зам, барилгын мэргэжлээр төгсөх ангийн оюутнууд оролцов. Уулзалтыг Замын II ангийн дарга Д.Алтангэрэл нээж, өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын гараа, төмөр замын ажлын онцлог, ажил амьдралынхаа замнал, дадлага туршлага, ажилд чиглүүлэн сургасан багш нарынхаа талаар ярьж, өөрийн ангийн онцлог, хамрах хүрээ, нийт ажилтнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Оюутнууд та бүхэн энэ мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлоороо эзэмшиж л байгаа бол төмөр замчин болно. Харин ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, илүү богино хугацаанд арга эвээ олж, дадлагажиж туршлагажих хэрэгтэй. Замчны мэргэжил маш сайхан. Ямар ч их ажил байсан хамтын хүчээр ард нь гардаг. Бие дааж ганцаараа хийнэ гэж үгүй. Энэ танхимд УБТЗ ХНН-ийн 100 жилийн ойг удирдан зохион байгуулах, гар бие оролцох залуус байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхний дунд ирээдүйн зам, албаны удирдлагууд сууж байгаа. Ирээдүйн “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Төмөр замчны алдар”-тнууд төдийгүй гавьяат, баатрууд ч байхыг үгүйсгэхгүй. Таны алхаж яваа, арчилж байгаа төмөр зам дээр энэ бүх алдар гавьяа, амжилт бүтээл чинь байх болно. Харин ажилдаа эзэн байсан хүн л энэ бүхнийг олно” гээд бүгдэд нь амжилт хүссэн юм.
Түүнчлэн, ҮЭ-ийн хорооны дарга П.Жаргалсайхан “Үйлдвэрчний эвлэл бол ажилтан ангийг төлөөлдөг. Эрхийн зөрчилгүй, аюулгүй, баталгаатай ажлын байр бий болгоход анхаарч, Замын захиргаатай жил бүр хамтын гэрээ байгуулж, энэ хүрээндээ олон боломжийг бий болгодог. Та нар ажил дээр гараад илүү сайн ойлгоно. Замчны мэргэжлийн сайхныг мэдэрнэ. Гэхдээ эхний нэг жил бол амаргүй байдаг. Шантрах үе ч гарна. Тэр үеийг л давчихвал үнэхээр сайхан” гээд замчны цалин, урамшуулал, нэмэгдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн ангийн орлогч дарга О.Батхүү Замын II ангийн арчилдаг нийт замын урт, зам гүүр, нөхцөл байдлыг талаар танилцуулж, “Та бүхэн техник сэтгэлгээгээ хөгжүүлж, математик, физикээ сайн сураад ирсэн байхад байгууллагын соёл, ажлын туршлага, аюулгүй ажиллах чадвар гэх мэт бусдыг нь бид заана” гэв.
Улмаар, оюутнууд төгсөөд хэд дүгээр зэрэгтэй ажиллах, орон сууцаар хангадаг эсэх, гэртээ ойр хуваарилагдан ажиллаж болох эсэх гээд сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Уулзалтын эцэст ангийн дарга, удирдлагууд есөн оюутанд төгсөөд ажиллах урилга гардуулав. Ингээд урилга гардсан оюутнуудын төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.
Н.Насанжаргал: Замчид багаараа ажилладаг нь гоё санагдсан
-Миний хувьд замын мэргэжлийг сонгож суралцсан. Энэ жил Замын VI ангид хоёр сар дадлага хийсэн. Зуны улиралд зам засвар, арчлалт ихтэй амаргүй үе байдаг юм билээ. Гэхдээ замчид багаараа ажилладаг нь гоё санагдсан. Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынх. Төгсөөд заавал гэртэйгээ ойр ажиллана гэж бодоогүй. Замын II ангиас урилга гардсандаа баяртай байна. Ангийнх нь талаар нэлээд ойлголттой боллоо. Шинэ техник технологиуд нэвтрүүлсэн, замын нөхцөл байдал нь их сайжирсныг гэж ойлголоо. Ирэх он гэхэд гол зам нь тэр аяараа төмөр бетон дэртэй болчих юм байна.
О.Сондор: Урилга гардлаа, маш их баяртай байна
-Би ПТК-ийг төгсөөд их сургуульдаа дэвшин суралцсан. Аав, ээжийн талын хамаатнууд төмөр замд ажилладаг байсан. Тэд төмөр замын мэргэжлийн сайхныг ярьж, энэ сургуульд орохыг зөвлөснөөр энэ мэргэжлийг сонгосон. Оюутан болж орж ирээд үнэхээр сайхан мэргэжил, хамт олон байдаг юм байна гэдгийг илүү сайн ойлгосон. Хүнийг илүү хариуцлагатай болгодог, цагийг маш сайн баримталдаг юм билээ. Замын II ангийн наймдугаар хэсэгт дадлага хийхдээ их зүйл ойлгож, ах эгч нараас багагүй зүйл сурсан. Миний хувьд энэ ангид ажиллана гэдгээ гурван жилийн өмнөөс л шийдсэн байсан. Сая урилга гардлаа, маш их баяртай байна. Огт очиж үзээгүй газраа очиж ажиллан өөрийгөө сорьж үзмээр байна. Хаана ч очсон амьдрах байр сууцаар хангана гэж хэлсэн нь их таалагдлаа.
