Замын даргын А/01 тоот тушаалаар УБТЗ-ын хэмжээнд Менежментийн тогтолцооны Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж баталгаажуулах ажлууд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийг “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил" болгон зорилт дэвшүүлсэн бөгөөд Замын хэмжээнд тодорхой мэргэжилтэн, сургагч багш нарыг алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж бүрд бэлтгэн бүтээмжийг нэмэгдүүлж хүртээмжийг ханган ажиллаж байна.
Дээрх зорилтын хэрэгжилтийг хангаснаар дотоодын болон гадаад сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг ойлгож, үйл явцын тодорхойгүй байдлыг арилгаж аюулгүй байдал, сэтгэл ханамжийг өсөн нэмэгдүүлэх, төлөвлөлтийг оновчлон эрсдэлт цэгүүдийг нарийвчлан тодорхой болгох, байгууллагын тасралтгүй хөгжих угтвар нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талт боломжуудыг бий болгож байгууллагын соёл болгон хөгжүүлэх юм. "УБТЗ" ХНН-д дэлхийн шилдэг менежментийн загварыг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн. Байгууллагын менежментээс тухайн байгууллагын үр ашиг, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа шууд хамаарах болно гэж үзсэний үндсэн дээр менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, баталгаажуулах олон төрөлт ажлыг Замын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн менежментийн тогтолцоотой танилцах үйл ажиллагаа юм. Үүний дагуу энэ сарын 9-11-ний өдрүүдэд "УБТЗ" ХНН-ийн төлөөлөгчид "Оюу толгой" ХХК-ид зочиллоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд алба, хэлтэсийн дарга, орлогч дарга, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн 34 хүн багтсан байлаа. Уг танилцах, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулсан Техникийн бодлого, стандартчиллын албаны ахлах инженер А.Энх-Амгалангаас энэ удаагийн аяллын онцлогийн талаар тодрууллаа. Тэрбээр, "УБТЗ"-д менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх талаар олон ажлыг зохион байгуулж байна. Үүний дагуу Рио тинто ХХК-ийн менежментийн дагуу явдаг "Оюу толгой" ХХК-д манай ажилтнууд зочилж байна. Бид Маркетингийн албатай хамтран тус байгууллагын үйл ажиллагаа, менежментийн тогтолцоотой танилцах хүсэлт тавьсны үндсэн дээр ковидын дараах анхны зочид болж байгаа юм. Энэ удаа УБТЗ" ХНН-ийн 34 ажилтан зочиллоо. Биднийг халуун дотноор хүлээн авч, менежментийнхээ тогтолцоог дэлгэрэнгүй тайлбарлаж, танилцуулсан "Оюу толгой" ХХК-ийн инженер техникийн ажилтнууд, цех тасгийн удирдлагуудад талархлаа илэрхийлье. Тус компани нь олон улсын ISO стандартаас илүүтэйгээр дараагийн түвшинд буюу байгууллагын стандартыг илүү өндөр түвшинд хэрэгжүүлдэг болохыг манай ажилтнууд газар дээр нь харж, танилцсан нь чухал ач холбогдолтой явдал гэж үзэж байна. Түүнчлэн, "Оюу толгой" ХХК төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ нь хийгдээд явж байгаа юм байна. Тиймээс "УБТЗ" ХНН-тэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, зочлох хүсэлтээ бидэнд тавьлаа. Уг хүсэлтийг Замын удирдлагад танилцуулах болно.
Мөн "УБТЗ"-ын хэмжээнд Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу А-235 дугаар тушаал гарсан. Уг тушаалын дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэрхүү ажлын хэсгийн гишүүдээс өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож, "Оюу толгой" ХХК эрсдлийг хэрхэн тодруулж, үнэлж байгааг очсон ажлын байр, талбар бүртээ үзэж, танилцсанаараа ач холбогдолтой боллоо гэж үзэж байна" гэсэн юм.
"УБТЗ"-ын ажилтнууд тус байгууллагын ил уурхайн үйлдвэр, дамжлагатай танилцсанаас гадна ХАБЭА-г хэрхэн ханган ажилладаг талаарх богино хугацааны сургалтад хамрагдсан юм. "Оюу толгой" ХХК-ийн ажилтнууд Оюут-1, Оюут-2, Манлай гэсэн гурван кэмпэд хуваагддаг юм байна. Нийт 20 мянга шахам ажилтантайгаас өдөр тутамдаа 10 мянган ажилтан ажил үүргээ гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн 20 орчим хувь эмэгтэй ажилтан юм байна. "Оюу толгой" ХХК-ийн үндсэн ажилтнуудаас гадна туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд энэ тоонд багтаж байгаа юм. Ажилтнуудын дундаж нас 28-35. Эдний ажилтнууд сард 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг гэдгийг бид сонсож байсан. Тус байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар биднийг очих үеэр амралтаасаа буцан ирж байгаа ажилтнууд онгоцноос буугаад кэмп рүүгээ ирж байхтай таарсан юм. Тэдний дунд гаднын хүмүүс ч харагдсан. Энэ талаар бидний аяллын хөтчөөр ажилласан н.Чинхүсэлээс лавлахад монгол ажилтнуудаас гадна Австрали,Турк, Энэтхэг зэрэг улсын ажилтнууд ажилладаг аж. Туркын компани энэтхэг ажилтнуудтай байх нь ч бий гэнэ. Манайхан "Оюу толгой" ХХК-ийн ажилчдын хоолны талаар сонирхдог. Тэгвэл, тус байгууллагын "Мазаалай" хоолны газар нэг ээлжиндээ 1500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор "Bluefin" ресторантай гэрээтэй ажиллаж байгаа юм байна. Тус хоолны газар нь монгол, европ хоол, десертээр үйлчлэхээс гадна гүний уурхайд ажилладаг ажилтнууддаа зориулсан боолтын хоолыг бэлтгэж өгдөг байна. Ажилтнууд нь амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай хөтөч танилцуулахдаа "Манайд фитнесс заалууд, хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, газрын теннис, дартс, биллъярд, саун, рс тоглоомын газар тогтмол ажилладаг. Төрөл бүрийн дугуйлан хичээллэдгээс гадна Хаан банк, Голомт банкны болон Юнител, Мобиком-ын салбарууд , үсчин, оёдолчин зэрэг хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ бий. Түүнчлэн уушийн газар ч байдаг. Тэнд үйлчлүүлэгч нь ажилтны картаараа хамгийн бага хэмжээтэй шар айраг дээд тал нь дөрвийг хэрэглэж болно" гэсэн юм. "УБТЗ"-ын ажилтнуудыг ил уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр уурхайн удидлага танилцуулахдаа "Бүх тээврийн хэрэгсэлдээ мөргөлдөхөөс сэргийлэх анхааруулах систем суулгасан. Өөрөөр хэлбэл, хоёр техник явж байгаад зай ойртох үед анхааруулах дохио өгнө. Дээд түвшин нь найм байгаа. Удахгүй есдүгээр түвшнийг суулгана. Тэр үед оператор зогсоох үйлдэл хийгээгүй ч тоног төхөөрөмж өөрөө зогсоно. Энэ нь эрсдлээс сэргийлэх бас нэгэн арга юм. Манай уурхай бол зэс дээр суурилсан уурхай. Тиймээс олборлолтын үед том машин шанагаар хутгах үед хүдэр байна уу хаягдал байна уу гэдгийг ялгах дэлгэц дээр гардаг систем суурилуулсан байгаа. Уг систем маань хүдрийг бага, дунд, өндөр агуулгатай хүдэр гэж ялгаад аль хэсэг рүү шилжихийг автоматаар заана. Бутлуур руу шилжүүлэх үү гэх мэт. Хаягдал бас олон төрөл байгаа. Төрлөөс шалтгаалж хаягдлаа автоматаар ангилна. Энэ ажил одоогийн байдлаар долдугаар үе шатандаа явж байгаа. Улмаар, арваас арван нэгдүгээр үе шат хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа. Хүдрийн агууламжааас шалтгаалж энэ үе шатыг төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар, ил уурхайн гүн 450 метр байгаа бөгөөд 650-700 метр гүн , диаметр 2.5-3 км болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг мөргөцөг 15 метр өндөртэй, найман метрийн тавцан, 37 градусын налуутай байдаг. Тэсэлгээг долоо хоногт 2-3 удаа хийх бөгөөд нэг удаад хоёр сая орчим тонн уулын цулыг тэсэлдэг. Энэ нь жилдээ 100 сая тонн гэсэн үг юм" гэлээ. "УБТЗ"-ын төлөөлөгчид очсон, танилцсан нэгж, хэсэг бүрийнхээ үйл ажиллагаа, онцлогийн талаар ихээхэн сонирхож байсан юм. Ялангуяа, осол аваараас хэрхэн сэргийлэх талаар биетээр үзүүлэх хэсэг зочдын анхаарал, сонирхлыг илүүтэй татаж байлаа.Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд "Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах "УБТЗ"-ын ажилтнуудыг ахлан ажилласан Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадоржоос танилцаж, туршлага судалсны үр дүн, ач холбогдлын талаар тодруулахад "Замын даргын 2022 оны А/01 тушаалын дагуу Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх жил болгон зарласан. Улмаар, энэ оны тэргүүн зорилт болох "Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил"-ийн хүрээнд урд жилийнхээ ажлыг баталгаажуулан ажиллаж байна. Энэ дагуу тэргүүн туршлага бүхий, өмнө нь ISO стандартыг амжилттай нэвтрүүлсэн байгууллагуудтай танилцах, туршлага судлах ажлуудыг хийж байгаа. Энэ удаа "Оюу толгой" ХХК-д "УБТЗ" ХНН-ийн хөдөлгөөнтэй холбоотой алба хэлтэс, аж ахуйн нэгжүүдээс гадна нийгмийн салбарын буюу ТЗДС, Кейтеринг үйлчилгээ-Зочлох хэсэг зэрэг аж ахуйн нэгжүүдийн маань төлөөлөл багтсан баг ажиллалаа. Тус компани нь дэлхийн жишигт нийцсэн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улмаар олон мянган ажилтан нь тэрхүү стандартыг мөрдөн ажиллаж хэвшүүлсэн болохыг манай ажилтнууд газар дээр нь очиж үзээд, туршлага судаллаа. Энэ нь манай ажилтнуудад менежментийн нэгдсэн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрхэн нутагшуулж, хэрэгжүүлэх болон эрсдлийг хэрхэн зөв тодорхойлж, үнэлэх талаар ажилдаа нэвтрүүлэх арга замаа олсон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Үүгээр зогсохгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дөрөвдүгээр зөрлөгөөс салаалсан салбар зам барих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ салбар замаараа зэсийн баяжмал тээвэрлэхээр зөвхөн урагшаа Гашуунсухайт боомтоор гаргахаас гадна хойшоо Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар дамжуулан Ханги, Эрээний боомтоор экспорт хийх боломжтой болохоос гадна цаашлаад зүүн босоо тэнхлэгийн дагуух төмөр замуудаар тээвэрлэлт хийх боломжтой болно гэж томоохон зорилт тавьж, ТЭЗҮ хийж байгаа талаараа бидэнд танилцууллаа. Тэдний төлөвлөснөөр энэ оны сүүлээр салбар зам баригдаж эхлэх тухай албаны хүмүүс нь ярьж байна. Энэ ажил хэрэгжиж эхлэхэд "Оюу толгой" ХХК-ийн ажилтнууд манайхаас туршлага судлахын зэрэгцээ дүрэм журам боловсруулах, зөвлөгөө авах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албан ёсоор уламжиллаа" гэсэн юм. Ийнхүү хоёр байгууллагын хамтын ажиллагаа өргөжин тэлэх үүд хаалгыг нээсэн төдийгүй өөрсдийн ажилдаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шинэ санаа санаачилгаар аяны богцоо дүүргэсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон талаар "Оюу толгой" ХХК-д ажилласан "УБТЗ"-ийн ажилтнууд онцолж байлаа.
Б.Золжаргал
