Эрүүл зөв хооллохын тулд юу хийх ёстой вэ?
Зохисгүй буюу түргэн хоол идсэний дараа ихэнх хүмүүс “Маргаашнаас яг эрүүл зөв хооллох болно” хэмээн өөртөө амладаг. Гэвч зуршил болсон учраас зөв хооллоно гэдэг амаргүй, буруу хооллосоор байдаг.Үнэн хэрэгтээ зөв хооллох нь таны бодсон шиг тийм ч хэцүү зүйл биш юм. Дараах зөвлөгөөг дагаснаар та багахан хугацаанд эрүүл хооллолтыг хэвшил болгож чадна.
1. Идэж буй зүйлдээ анхаарал хандуул
Эрүүл зөв хооллолтын хамгийн гол зарчим бол хоол хүнсээрээ дамжуулж хангалттай хэмжээний эрдэс, амин дэм авах явдал юм.Энэ нь ямар нэгэн дэглэм биш бөгөөд таны насан туршдаа баримтлах ёстой баримтлал гэдгийг марталгүй, эрүүл зөв хоол сонгож эхлэх хэрэгтэй.
Хооллолтын тал хувь нь жимс, хүнсний ногоо байх ёстой бол үлдсэн нь буудай, уураг байх хэрэгтэй. Мөн улаан махнаас татгалзаж, тахиа эсвэл цацагт хяруулын махыг хэрэглэхийг зөвлөж буй аж.
Ихэнх судлаачдын зөвлөснөөр өдөрт гурван удаа хооллох бус, харин бага багаар ойр ойрхон идэх хэрэгтэй гэжээ. Нүүрстөрөгч, уураг, чихэрлэг хоол хүнсийг үдээс өмнө, эслэг болон уургийг өдөр, харин оройн хоолондоо уураг, эслэг идэх шаардлагатай аж.
2. Өглөөний хоолыг заавал идэх хэрэгтэй
Өглөөний хоол бол хооллолтын хамгийн чухал хэсэг. Өглөө идсэн хоол таныг эрч хүчээр цэнэглэж, сэтгэл санааг өөдрөг болгодог. Хэрэв та өглөөдөө хоол идэх дургүй бол унтахаас дөрвөн цагийн өмнө оройн хоолоо идээрэй. Энэ тохиолдолд та өглөөд илүү их өлссөн сэрэх болно. Мөн эрт босвол, ажил сургуульдаа гарахаас өмнө өлсөх магадлалтай. Гэр бүлийнхэндээ зориулж өглөөний зоог бэлтгээрэй. Хоол идэх явцад танд идэх хүсэл төрөх ч юм билүү. Та өглөөг өндөг, шош, талх, шинэхэн жимс, жимсний салат, овъёос, самрын тос, чиа үр, хатуу бяслаг болон хүнсний ногоогоор угтаарай.
3. Туршилт хий
Эрүүл, зөв хооллолт гэхээр л амтгүй, бас бүх зүйлийг хорьдог гэж андуурав аа. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Эрүүл хооллолт нь амттай, бэлтгэхэд хялбар, хямдхан байж чаддаг. Ямар ч хоол зүйч таныг дуртай хоолноосоо бүр мөсөн татгалзахыг зөвлөхгүй. Өөрийн дуртай эрүүл хүнсээр төрөл бүрийн сүмс, хоол бэлтгэн туршилт хий. Жишээлбэл, ууранд жигнэсэн хүнсний ногоо таалагдахгүй бол гриллдсэн ногоо идэж болно. Аль болохоор өөрийн гараар амтат хоол хийхийг хичээгээрэй.
4. Үндсэн хоолны дундуур хөнгөн зууш заавал идээрэй
Үндсэн хоолыг хэтрүүлэн идэхгүйн тулд хоолныхоо дундуур хөнгөн зууш идээрэй. Ямар нэгэн зүйл идэхийг хүсэхгүй байвал хүчээр идэх хэрэггүй. Жимс, самар, ээдэм, тослоггүй тараг, хүсний ногоо зэргийг худалдаж аваад өлссөн үедээ бага багаар идэхэд л болно.
5. Давсны хэрэглээг багасга
Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгтэй болох эхлэлийг тавьдаг. Өдөрт 6 гр давс л зөвшөөрөгдөх дээд хэмжээ юм. Гэтэл хиам, түргэн хоол, лаазалж, даршилсан бүтээгдэхүүн, сүмс, олив, чипс гэх мэт зүйлсэд их хэмжээний давс агуулагддаг. Тиймээс дээрх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах, эсвэл давсны хэрэглээгээ аажмаар багасгах хэрэгтэй. Хоолоо амтлагч, сармис, сонгино, нимбэгний шүүс, цуугаар амталж болно. Эхэндээ жаахан таагүй санагдах ч энэ бол зүгээр л зуршил гэдгийг мартаж болохгүй.
6. Хөлдөөгч байдаг гэдгийг санаарай
Жилийн турш шинэхэн жимс,хүнсний ногоог байнга идэх боломжгүй. Харин танд хөлдөөгч тусална. Хөлдсөн бүтээгдэхүүн өөрийн тэжээллэг чанараа алддаг гэдэг нь худал ойлголт гэнэ. Хэрэв та хүнсний ногоо, жимсээ шинээр нь хадгалахыг хүсвэл зүгээр л хөлдөөхөд хангалттай. Хамгийн гол нь нэг гэссэн бүтээгдэхүүнээ дахин хөлдөөж болохгүй. Өөрийн хэрэглэх хэмжээгээр тус бүрт нь уутанд хийгээд дараа нь шууд хэрэглэхэд тохиромжтой байдаг.
7. Ууж байгаа зүйлдээ анхаарал хандуул
Өдөрт заавал хоёр литр ус уух шаардлагагүй ч ус таны эрүүл мэндэд тустай гэдэгтэй маргах хэрэггүй. Тиймээс хүссэн хэмжээгээрээ ус уугаарай. Үүнээс гадна цай, сүү, кофе ууж болох ч хийжүүлсэн ундаа, жүүсэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнд их хэмжээний элсэн чихэр агуулагддаг ба амны цангаа тайлдаггүй.
8. Хэт их хориг тавих хэрэггүй
Эцэст нь та идсэн зүйлдээ хэт их анхаарал хандуулж, идсэн бялуунаасаа болж өөрийгөө зүхэх хэрэггүй. Өөрийгөө буруутгах, стрессдэх нь эрүүл мэндэд муу. Хэрвээ та зөв хооллолтыг дэмждэг бол хааяа нэг өөрийгөө баярлуулах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь хэмжээ хязгаар гэж байдаг гэдгийг битгий мартаарай.
Та эрүүл хооллолтын ачаар жин хасахаар шийдсэн бол үр дүн нь шууд гарна гэж битгий хүлээгээрэй. Өмнө нь та хэдий чинээ буруу хооллож байсан, төдий чинээ хугацааны дараа л үр дүн нь гарна. Үүнээс гадна төгс галбиртай болохын тулд спортоор хичээллэх хэрэгтэй гэдгийг санаарай.