Нүүр Боловсрол Өдөрлөгийн үеэр бакалавр, магистр, зэргийн бус сургалтын бүртгэл явагдлаа
Боловсрол

Өдөрлөгийн үеэр бакалавр, магистр, зэргийн бус сургалтын бүртгэл явагдлаа

G.Press 14 цагийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тусгайлан зассан тайзнаас байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах, лед дэлгэцээр сурталчилгаа, танилцуулгаа хийх боломжийг бүрдүүлсэн байв. ТЗИС, Политехник коллежийн удирдлагууд элсэлт болон сургуулийн үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өгсөн билээ.  Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан төгсөгчдийг Төмөр замын их сургууль, Политехник коллежид үнэ төлбөргүй суралцуулахын зэрэгцээ гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээж өгчээ. Суралцагчдыг төгссөний дараа ажлын байраар хангах тогтолцоог бүрдүүлсэн байна.

Өртөө, зөрлөгт ажиллахаар томилогдсон залуу ажилтнуудыг технологийн зориулалттай орон сууцаар хангах боломжтой бөгөөд говийн бүсэд ажиллах төмөр замчдад зориулсан “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинээр ажилд орсон ажилтнууд дагалдах хугацаандаа үндсэн цалингийнхаа 90 хувийг авахын зэрэгцээ үр дүнгийн урамшуулал хүртэх боломжтой юм. Мөн дөрвөн сарын хугацаатай чадамжийн гэрчилгээ олгох сургалт, нэг, гурав болон дөрвөн жилийн хугацаатай мэргэжлийн сургалтуудаар дамжуулан төмөр замын мэргэжилтнүүдийг бэлтгэж, ажлын байранд шууд нийлүүлж байна. Төмөр замын их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчдийг ажлын байранд шууд хуваарилан ажиллуулдаг тогтолцоо ч хэрэгжиж буй. УБТЗ нь мэргэжилтэн бэлтгэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ-ын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, олон улсын түвшний боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна. УБТЗ-аас хэрэгжүүлдэг дотоод, гадаадын их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад суралцах боломжуудын талаар иргэдэд мэдээллийг түгээсэн юм. Нийт 200-300 гаруй иргэнд сургалтын талаарх мэдээллийг өгчээ. Түүнчлэн, УБТЗ-ын харьяа Политехник коллежийн элсэлт, сургалтын талаар 400 гаруй хүнд мэдээлэл хүргэсэн байна. Харин төмөр замын салбарын захиалгат тэтгэлэгт болон гадаадын төмөр замын чиглэлийн их, дээд сургуулиудад суралцах сонирхолтой 200 орчим иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ. Бакалавр, магистр, зэргийн бус сургалтын бүртгэл явагдаж байсан. Энэ асарт “Ви Ар” технологи, оюутнуудын робот үзүүлбэрийг сонирхуулж байв. 

Б.Түмэн

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.