Саяхны нэгэн өдөр Баянбуурал амралтад УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо ТББ-ын таван жилийн ойг ёслон тэмдэглэснийг өмнө нь мэдээлсэн билээ.

Тэр өдрийн өглөө Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Дашдорж, Д.Шараа, Ц.Бумцэнд, Л.Пүрэвдорж, Н.Алтантогос, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ё.Баяраа, Ю.Идэрчулуун, Л.Мөнхбаяр, Б.Баяраа(МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга), Г.Ишжамц, Монгол Улсын үйлчилгээний Гавьяат ажилтан Д.Энхтуяа, Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон тэргүүтэй хүндтэй эрхмүүд зорчигчийн 271 дүгээр галт тэргэнд аяны дөрөө нэгдэв. Төмөр замын төрөл бүрийн мэргэжлийн ноён оргилууд ийнхүү нэг дор цуглах нь тун ховор.

Хаврын нар дагуулсан галт тэрэг урин салхи зүсэн хурдалж, харин аян замын явдал дундТВ5 телевизийнхэн манай баатар, гавьяатуудын намтар түүх, үнэт сургаалиас нь сурвалжилж явсаар зорьсон газраа хүрч аяны дөрөө мулталлаа.

Баянбуурал амралтын дарга Д.Ганбат хоёр ч машин “сойчихсон” хүндтэй зочдоо тосон авч, газар гишүүлэхгүй шахам хоймортоо залав. Мөн энэхүү ёслолд УБТЗ-ын Замын аж ахуйн албаны дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ю.Нямжаргал, ЗЗМС-ын дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Батбаатар нар амжиж ирсэн билээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа хүндэтгэн, залсан ёслолын үйл ажиллагаанд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогтнар хүрэлцэн ирж, Хөдөлмөрийн баатар, гавьяатууддаа баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.

Уг ёслолын үйл ажиллагаа УБТЗ-ын Ахмадын холбооны дэргэдэх “Хос уянга” хамтлагийн уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн юм. Төмөр замынхаа ажил албыг нэр төртэй биелүүлж, гавьяандаа гарсан ч төрөлх авьяас билгээ өнгөлөн урлагийн тайзнаа гялалзаж яваа ахмад уран бүтээлчдийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, талархлаар харамгүй мялаалгалаа.

 Тус  холбоо ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш ойн баярыг нээж хэлсэн үгэндээ “Одоогоос таван жилийн өмнө бусад байгууллагын жишгээр УБТЗ-аас төрсөн “Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо” ТББ-ыг байгуулах санаачилга гарч, үүнийг тухайн үеийн Замын удирдлага халуунаар дэмжсэн.

Төмөр замын цуутай сайчууд УБТЗ анх байгуулагдсан тэр цагаас товойж тодорсон. Налайхын төмөр зам ерөөсөө төмөр замчин гэдэг мэргэжлийг УБТЗ-д зааж сургаж өгсөн “Багш зам”.Манай Хөдөлмөрийн баатар Г.Дашдорж гуай Налайхын төмөр замаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Бидний дунд сууж байгаа нь бахархалтай байна. Өдгөө бидний дунд байхгүй хэдий ч УБТЗ-аас төрсөн анхны Хөдөлмөрийн баатрууд болох Г.Мандах, Л.Ойдовням нарыгаа өнөөдөр дурсах учиртай. Тэдний араас өдий төдий баатар, гавьяатууд төрсөн. Төмөр зам бол ард иргэддээ өдөр шөнө, өглөө оройгүй үйлчилж байдаг сайхан байгууллага.

Эцэст нь, энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, зүүний үзүүр багтахааргүй их ажилтай хэр нь цаг зав гарган ирж баяр хүргэж байгаа унаган төмөр замчин Л.Халтар сайддаа, мөн завгүй их ажлаа хойш тавин байж Замын захиргааг төлөөлж ирсэн Замын орлогч дарга Н.Энхцогтдообаярлалаа” хэмээв.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар: УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо ТББ-ын таван жилийн ойн баярын мэндийг ЗТХЯ-нынэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо ТББ-ыг Р.Раш дарга, Ю.Идэрчулуун гуай нар санаачлан байгуулсан нь туйлын зөв гэж боддог. Энэ холбоог байгуулснаар манай Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа шугам замаараа авч явж залуу төмөр замчидтай уулзуулж, ажил амьдралынх нь арвин туршлагаас өвлүүлэх сайхан уламжлалтай болсныг цахим хуудаснаас би харж байлаа.

Ер нь, Хөдөлмөрийн баатар, гавьяатуудынхаа арга туршлагыг хэвлээд ном, товхимол болгоод хойчийг залгамжлах залуучуудад хүргээсэй гэж бодож явдаг. Энэ холбоонд Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын арга туршлагыг хойч үеийн залуустаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж үлдээх маш том үүрэг бий шүү гэдгийг хэлье. Та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дээр нь, Ю.Идэрчулуун гавьяат Ахмадын холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа. Би 2018 онд ЗТХЯ-нд очсоноос хойш салбарынхаа цөөнгүй газраар явж, олон хүнтэй уулзлаа. Төмөр замын ахмадын байгууллага шиг цэгцэрсэн газар манай салбарт байхгүй байна. Үүнийг би очсон газар бүртээ хэлэх дуртай. Ийм сайхан ойг тэмдэглэж, дээр нь Ахмадын холбоог бусдад жишиг болохоор авч яваад талархал илэрхийлье.Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо ТББ-ыг авч яваа удирдах зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Энэ ташрамд хэлэхэд, 2017 оны Замын даргын үзлэгийн үеэр Баянбууралд буугаад мордсоноос хойш энд ирээгүй. Баянбуурал амралтынхан маань хийсэн ажилтай, хэлэх үгтэй сайхан угтаж байна. Ажилтнууд нь бүгд нүд нь гэрэлтэй, жавхаатай, нүүр бардам өнгөтэй байна. Замын даргын үзлэгийн комисст ажлаа шалгуулах гэж байгаа юм шиг угтлаа. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

Энэ үеэр УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун:

     -Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу “Миний баатрын тэмдэг хоттой хонин дотор байсан” гэж ярьсан байдаг. Түүнтэй адил төмөр замын рейс дээр, илчит тэрэгний бүхээгт, зорчигчийн вагон дотор л энэ баатар, гавьяатуудын тэмдэг нь байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төмөр замаас төрсөн энэ агуу ажил арга туршлага,мэдлэг, ур чадварөнөөгийн залууст үлгэр дуурайлал болно. Тийм ч учраас энэ ажил, амьдралын “амьд судар” болсон хүмүүсээ нэгтгээд төмөр замаараа авч яваад тэргүүн туршлагыг нь яриулаад явж байх нь хаана хаанаа хэрэгтэй гэж бид бодож, энэ холбоог байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бүх өртөө, зангилаад, томоохон аж ахуй нэгжүүдэд Хөдөлмөрийн баатар, гавьяатуудтайгаа  явж тэдний арга туршлагыг нь сурталчиллаа.

Жишээ нь, МУ-ын  Гавьяат тээвэрчин Ё.Баяраа маань дэлхийг 30 удаа тойрохтой тэнцэх урт зам туулсан машинч шүү дээ. Тийм замыг туулахдаа хүн зүгээр нэг явчихгүй.Юм бодно,сэтгэнэ. Тэгж байж аюул осолгүй, гологдол зөрчилгүй ажиллана шүү дээ.Ийм “шижир алт шиг” хүмүүсээр баг бүрдүүлсэн. Энэ хүмүүс төмөр замдаа л хэрэгтэй.

ТББ-ынхаа таван жилийнхээ ойг тэмдэглэхийн зэрэгцээ энэ хүмүүсээ идэвхжүүлэх, цаашид хийх ажлаа төлөвлөх зорилготой энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээлээ.

Эл өдөр Замын орлогч дарга Н.Энхцогт Ахмадын холбооны дэргэдэх “Хос уянга” хамтлагийн зарим уран бүтээлчийг Замын даргын тушаалаар шагнасныг гардуулав. Мөн МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос "Хос уянга" хамтлагийг сая төгрөгөөр, холбооны "Хүндэт үнэмлэх"-ээр Ю.Идэрчулууныг шагнасныг шагнаснаа тус холбооны дарга, Гавьяат тээвэрчин Б.Баяраа гардуулав.

 

Тодруулга:

      Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 234 дүгээр зарлигаар бий болгожээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1957 онд анх удаа Налайхын уурхайн бэхлэгч, малтагч Д.Даваажав гэх хүнд хүртээжээ.

     УБТЗ-аас 1960 онд Г.Мандах, Л.Ойдовням нар “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагджээ. Түүнээс хойш одоог хүртэл УБТЗ-аас 14 Хөдөлмөрийн баатар цолтон төрөн гарсан байна.

    Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1935 оны 41 дүгээр тогтоолоор “Улсын гавьяат” цолыг бий болгожээ. УБТЗ-аас 1965 онд анхны гавьяат цолтон төрсөн нь машинч Базарсадын Уваан байв. Түүнийг нийгэмлэгийн 15 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагнаж байжээ. Анхны гавьяатын араас  өдгөөг хүртэл 40 гаруй гавьяат цолтон төржээ.

 

Б.Гүнжинлхам