Нүүр Ахмад үе Очсон газар бүртээ онцлох зүйл бүтээсэн эрхэм
Ахмад үе

Очсон газар бүртээ онцлох зүйл бүтээсэн эрхэм

G.Press 11 сарын өмнө 109 үзэлт 0 сэтгэгдэл

 

Үйлдвэрчний Л.Мөнхбаяр гэхээр УБТЗ-д төдийгүй Монгол даяар андахгүй. Амьдралынхаа 40 гаруй жилийг нам, үйлдвэрчний эвлэлд ажиллаж, байгууллага хамт олон, шинэ залуу үеийнхээ идэвх манлайллыг дээшлүүлж, амжилт бүтээл гарган алдрын титэмд хүргэх замыг чиглүүлсэн эрхэм бол яах аргагүй Монгол Улсын гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр  билээ

Лхан-Аажавын Мөнхбаяр 1950 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төржээ. Аймгийн дунд сургуулийн долдугаар анги төгсөөд багш болохоор шийдэж, хот руу явах гэтэл ангийн багш, өнөөгийн Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ахмад дипломатч Д.Цахилгаан "Улаанбаатарт багшийн сургуулийн хуваарь алга.. Төмөр замын техникумд л яв" гэжээ. Ингэж багш нь аймагтаа ганцхан ирсэн хуваарийг түүнд атгуулж өгч, амьдралынх нь замыг зааж өгчээ.  Ингээд Л.Мөнхбаяр хүү аав, ээжийнхээ үхэр борлуулж өгсөн 1000 төгрөгийг өвөртлөн, их хөлийн газрыг зорьжээ. ы

Хот хүрээ орж үзээгүй хүү нэг л мэдэхэд хэдэн жилийг ардаа үдэж, 1969 онд Төмөр замын техникумаа төгсөөд 19 насандаа Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод илчит тэрэгний засварчнаар ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр анх бага засварын цехэд хуваарилагдан хоёр жил ажиллаад мастераар дэвшив. Тэр үед Бага засварын цех гурван мастертай байсан бөгөөд түүнээс бусад нь зүтгүүрийн инженерүүд байжээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамт засвараас гарсан илчит тэргийг шалгаад замд гарах зөвшөөрөл өгнө. Жилийн дараа мань хүн ахлах мастер болов. Их ажлынхаа хажуугаар цехийнхээ ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдов. Тэр үед Зүтгүүрийн депогийн МХЗЭ-ийн хорооноос “Эрэг шургатай машиныг эмээл хазаартай морь шигээ эзэмшье” гэх мэтээр залуучуудыг уриалан дуудсан олон ажил, аяныг санаачлан өрнүүлж,  улс орон даяар тэргүүн туршлага нь дэлгэрч байв. Зүтгүүрийн депогоос олон алдар гавьяатан төрж, МХЗЭ-ийн хороо нь хүртэл 1971 оны аравдугаар сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан үе таарчээ.  

Угийн нийгмийн идэвх, санаачилгатай цехийн МХЗЭ-ийн үүрийн залуухан дарга Л.Мөнхбаярыг сонгуульт ажлаа түүртэлгүй хийж байгааг ажигласан УБТЗ-ын намын хорооны удирдлагууд түүнийг депогийн ХЗЭ-ийн хорооны даргаар дэвшүүлэн ажиллуулахаар болжээ. Эндээс түүний олон нийтийн байгууллагын ажлын зам амжилттай эхэлж, Төмөр замын МХЗЭ-ийн хорооны Тээвэр, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, дараа нь Эвлэлийн байгууллагын хэлтсийн дарга зэрэг албанд томилогджээ. Тэр хооронд дээд сургууль төгсөж амжив. Төмөр замын залуучуудын байгууллагынхаа нэгэн удирдлага болон ажиллаж, залуучуудтайгаа хамт хөдөлмөрлөж, сурч, боловсорч, амжилт бүтээлд уриалан дуудаж явсан он жилүүдийнх нь үр дүн хоромхон зуур гарч, УБТЗ-ын МХЗЭ-ийн Хороог “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Ингээд удаагүй байтал одон тэмдэгтэй хоёр байгууллагад ажиллаж байсан шилдэг залуу удирдагчийг шинэхэн байгуулагдсан Салхит-Эрдэнэтийн төмөр замын намын хорооны даргаар томилсон байна. Тэр үед амьдралд түүртэхээргүй "хор" нь гарсан 40 эргэм насныхан удирдах албан тушаалд очдог байтал Л. Мөнхбаяр 30 ч хүрээгүй насандаа ийнхүү хариуцлагатай албанд томилогдсон ажээ. Тухайн цагт энэ залуу ачааны тэнг татах бяр сууж гэж олон түмэн харж байсных биз ээ. Шинэ замд таван жил ажиллаад Дархан зангилааны төмөр замын намын хорооны даргаар дэвшжээ. Тэр аливаа  ажлыг даргын ширээний араас бус ажлын байран дээр, хамт олны дунд идэвхтэй өрнүүлж чаддаг арга барилтай хүн. Асуудалд хүлээцтэй хандаж, учирлаж, ухааруулахыг хичээнэ. Хариуцсан ажил бүхэн нь урагштай, түүндээ урамшиж явтал нэг өдөр Төмөр замын, Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Лхагвасүрэн дуудаж “Төмөр замын ҮЭ-ийн байгууллагад ирж ажиллах" хүсэлт тавьжээ. Ингээд ҮЭ-ийн дэд даргын ажлыг 10 жил хийж, дараа нь дэвшиж МТЗ-чдын ҮЭ-ийн хороог удирдах болжээ.  Түүний удирдах ажил хийсэн түүхийг товчилбол, МТЗ-чдын ҮЭ-д 22, Залуучууд байгууллагад 10, намын ажилд 10, Захиргаа аж ахуйд 2-3 жил ажилласан байна.  

Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа тэрбээр ачааны хүндийг үүрдэг төмөр замчдынхаа эрх ашгийг хамгаалж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр оруулсан билээ. Төмөр замын тээврийн тухай хуулиар тус байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог байж. Үүнийг 12 сар болгосон төдийгүй шөнийн цагийн нэмэгдлийг ч өсгөсөн гэдэг. Галт тэрэгний үйлчлэгчийн хөдөлмөрийг хүнд, хортой ажлын байрны жагсаалтад оруулж, шөнийн нэмэгдэл цалин 1.5 хувь байсныг хоёр хувь болгон тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хуулиас давсан хамтын гэрээ байгуулж байснаараа бахархана.

Үнэхээр түүнд бахархах ажил бий.  Аж ахуй нэгжид ажиллаж байх үедээ илчит тэрэгний засварчны ажлыг жил гаруй хугацаанд хийхдээ мэргэжлийн зэргээ хоёр удаа ахиулж, зүтгүүрийн депод тэр үед хамгийн тэргүүний залууд өгдөг шилжих мандатыг 12 сар дараалан авч байв. Тэр үед ЗХУ-ын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, үечилсэн засварт орсон илчит тэрэгний үзлэг засвар хийгдсэн бүх эд ангиудыг шалгаж, Зөвлөлтийн мэргэжилтний хамт тээврийн аялалд явахад саадгүй гэж баталгаа гарган "бэлэнд" хүлээлгэн өгч байв. Үүний зэрэгцээ засварчдын дунд засварласан эд ангиа анхны үзүүлэлтээр ЗХУ-ын мэргэжилтэн хүлээн авагчид өгөх хөдөлгөөнийг өрнүүлж байсан нь тухайн үед их үр дүнгээ өгч байв.

Л.Мөнхбаяр нь депогийн МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллахдаа Залуучуудыг хөдөлмөрт уриалан дуудсан олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байсан нь үр үнгээ өгч байв. Тухайлбал, депогийн засварын төлөвлөгөө биелэхгүй болохоор залуучуудыг зохион байгуулан ажлын бус цагаар илчит тэргэнд засвар хийж аялалд хүлээлгэн өгч байсан нь засварын төлөвлөгөөг биелүүлэхэд сайн нөлөө үзүүлж байв. Мөн ажиллах хугацаандаа илчит тэрэгний туслах машинчаар сайн ажиллаж байсан залуучуудыг жинхэнэ машинч болох анхны аялалд нь ёс төр, хүндэтгэлтэй үдэж, хөдөлмөрийнх нь сайчуудаар ажлын багажийг нь гардуулан, амлалт үүрэг авахуулж байжээ. Ингэж анхны аялалдаа хүндэтгэлтэй үдүүлж байсан Д.Шараа, Ц.Бумцэнд, Д.Пүрэвдорж нар хожим Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд тэр хязгааргүй их баярласан гэнэ. 

Мөн "Ахмадын зам-Алдрын зам, Алдарын зам-Аз жаргалын зам" сэдэвт ажлыг зохион байгуулж, харилцан амлалт үүрэг авхуулан ажиллаж байсан нь бодит үр дүнд хүрч, залуу ажилчид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад нөлөөлж байв.

Л.Мөнхбаяр нь 1976-1980 онд төмөр замын ХЗЭ-ийн хороонд ажиллахдаа залуучуудыг хөдөлмөрт уриалан дуудсан, төмөр замын тээврийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд залуучуудын хүч оролцоог дайчилсан олон ажлыг санаачилжээ. Ган замчин залуучуудын дунд "Эрэгтэй шурагтай техникээ эмээлтэй хазаартай морь шигээ эзэмшье", "Дуслыг хэмнэж тонн болгоё", "Хэмнэсэн түлшээрээ аялал хийе" гэсэн хөдөлгөөн өрнүүлж, залуучуудын дунд түлш хэмнэлтийн аваргууд ар араасаа тодорч байжээ. 

Түүний санаачилгаар Хилчин-Замчин залуучуудын болон Монгол-Зөвлөлтийн замчин залуучуудын чуулга уулзалтууд зохиогдож, харилцан бие биеэсээ туршлага судалж, энэ уулзалтуудад "Хөдөлмөрийн амжилтаараа шалгаран оролцъё" гэсэн хөдөлгөөн өрнөж амжилтад хүрч байсан юм. Түүнчлэн, Залуучуудын гавшгай бригадын хөдөлгөөнийг өрнүүлж, хоцрогдолтой газруудад залуучууд сайн дураараа очиж ажиллан, ажил сайжруулж байв.

Л.Мөнхбаяр 1980-1990 онд төмөр замын Салхит, Дархан зангилааны МАХН-ын хорооны нарийн бичгийн даргаар мөн л энэ эрчээрээ сайн ажиллажээ. Энэ үед Салхит зангилааны Замын VI анги МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хорооны шилжин явах улаан туг, мөнгөн шагналаар шагнагдсан нь тухайн үед аж ахуйн нэгж байгууллагуудад нам, төр, олон нийтийн байгууллагуудаас олгож байсан хамгийн дээд шагнал байсан юм.

Л.Мөнхбаяр Дархан зангилааны намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад удирдлагад ажиллаж байсан Дархан зангилааны ҮЭ, ХЗЭ-ийн байгууллагууд нь байнга шилдэг тэргүүний хороодоор шалгарч байсан байжээ. Иймд түүнийг УБТЗ-ын ҮЭ-ийн гүйцэтгэх зөвлөлийн хурлаас МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дэд даргаар сонгон, дараа нь тус ҮЭ-ийн холбооны даргаар сонгож ажиллуулжээ.  

Л.Мєнхбаяр нь нь МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргаар ажиллах 21 жилийн хугацаанд төмөр замын таван даргатай, хамтран ажиллаж, төмөр замчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө уйгагүй зүтгэж байсан юм. Зах зээлийн харилцаанд шилжиж байсан хүнд бэрх жилүүдэд УБТЗ-ын дарга Р.Раштай 15 жил хамтран ажиллаж, замчдын цалин хөлсийг бууруулалгүй, тэдний нийгмийн асуудлыг хэвийн хэмжээнд байлгахын төлөө чармайн ажиллаж байснаа тэр эргэн дурсах дуртай.. Тэрээр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байхдаа "Гологдол, зөрчилгүй 100,000 км аялах" хөдөлгөөнийг машинчдын дунд өрнүүлж, “Алтан гарт” засварчны болзлыг гарган ажилласан нь үр дүнгээ өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн юм. 

Тэрбээр МТЗ-чдын ҮЭ-ийн 50, 55 жилийн ойг гардан зохион байгуулж, МТЗ-чдын ҮЭ-ийг тугтай, дуутай, сонинтой, энгэрийн тэмдэгтэй, нэрэмжит шагналтай болгосон нь ҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын зүй ёсны талархлыг хүлээж байдаг юм. 

Л.Мөнхбаяр нь хамтын гэрээг чанартай хийж, түүгээр замчдын цалин, нийгмийн чиглэлийн олон асуудлыг шийдвэрлэж чадсан нь ҮЭ-ийн холбооны хувьд туршлага болж, цаашид улам чанаржих нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Л.Мөнхбаяр нь ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байхдаа гишүүдийнхээ санал, хүсэлтэд тулгуурлан, вагоны үйлчлэгч, замчдыг хэвийн бус нөхцөлд оруулж чадсан юм. Түүний ажил хэрэгч чанар, туршлага, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо түүний ажиллах хугацаанд МҮЭХ-ны тэргүүний холбоогоор дөрвөн удаа шалгарч байжээ.

Тэрбээр өөрийн хийж, бүтээсэн үйлсдээ сэтгэл хангалуун явна. “Ямар ч ажлыг би санасандаа хүртэл хийхийг хичээдэг. Нэг ажлаас нөгөө ажилд шилжихдээ ямагт дэвшиж явлаа. Аав, ээжээрээ үдүүлэн нутгаасаа гарсан малчны хүү ард олныхоо хүндэтгэлийг хүлээж, алдар хүндийн эзэн болсон маань төмөр замын маань л буян хишиг юм гэж би байнга залбирч явдаг даа” гэж Монгол Улсын гавъяат тээвэрчин  Л.Мөнхбаяр хэллээ.  

 

Г.Энхбаатар 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.