УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын санаачилгаар Замын захиргаа, Ахмадын холбоо хамтран зохион байгуулдаг “Гурван үеийн уулзалт” Багануур зангилаа болон Баянтүмэн тасагт боллоо. Уулзалтыг Залуучуудын төв байгууллагын тэргүүн асан, Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатар ахалж, ажлын хэсэгт дэд тэргүүнүүдийн төлөөлөл болох Тээврийн хяналтын албаны байцаагч-диспетчер Э.Өнөрбаяр, Улаанбаатар татах хэсгийн туслах машинч А.Содбаяр, Улаанбаатар өртөөний ХАБЭА хариуцсан инженер Л.Ганхуяг, сургагч багшаар Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч Д.Тэмүүлэн, ахмадуудыг төлөөлж Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон, Гавьяат барилгачин Ж.Энхтуяа, Ахмадын холбооны менежер Ч.Ядамсүрэн, мөн ТЗДС-ийн оюутан М.Есөн-Эрдэнэ нар оролцсон юм. Н.Алтанхуяг даргатай Багануур зангилааны хувьд Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангах уурхайн тээврийг хийдгээрээ онцлогтой. Ийм учраас тус өртөөнийхөн Багануур уурхайтай нягт хамтран ажилладаг. Тиймээс энэ удаагийн уулзалтад тус уурхайн төмөр замын цехийн ашиглалтын инженер О.Мөнхбаатар оролцон “Манай уурхайн нүүрс борлуулалтын 90 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Оноор нь аваад үзвэл 2023 онд 4.3, 2024 онд 4.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн бол энэ онд таван сая тоннд хүргэх төлөвлөгөө гаргасан. Энэ онд манайд үйлдвэр технологийн парк барих тухай яригдаж байгаа. Үүнийг дагаад бидний хамтын ажиллагаа улам өргөжнө. Төмөр замын залуустай бид 2021, 2022 онд хамтран спортын олон тэмцээн зохиодог байсан. Үүнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах талаар өртөөний удирдлагуудтай ярилцаж байгаа. Мөн бид улирлын ээлжит үзлэг шалгалт, зөвлөгөөнийг хамтран хийдэг уламжлалтай. Ер нь, уурхай төмөр зам хоёр салшгүй холбоотой” гэв. Мөн Багануур зангилааны дарга асан, ахмад төмөр замчин Г.Батхүү “Төмөр замын залуучууд үнэхээр чадварлаг, уулзалт, сургалтыг шинэлэг арга хэлбэрээр хийж буйг харах сайхан байна. Бид өөрсдийнхөө бахархлыг ярилгүй орхигдуулж иржээ гэж боддог. Төмөр замчид бидэнд газар нутгийн болон тээвэрлэж буй ачааны онцлог гэж бий. Багануурынхны хувьд бахархах зүйл маш тод байна. Тодруулбал, энд асаж буй гэрэл цахилгаан, халааж буй дулааныг бий болгоход бидний гар бие оролцсон. Уурхайгаас гарч буй нүүрсийг төмөр замчид бид гэрэл цахилгаан болгуулахаар тээвэрлэн хүргэж өгдөг. Газар доор байсан нүүрс чулуу гэрэл болон асаж байна шүү дээ. Зөвхөн цалин авах гэж бид ажиллаж байгаа юм биш. Явж, ирж буй галт тэрэг, вагон бүхэн мөнгө, хөгжил дэвшил тээвэрлэж байгаа гээд бод. Үнэхээр сайхан байгаа биз. Энэ бол уурхайчид болон уурхайн бүсийн төмөр замчид бидний бахархал. Үүнийг залуучууд маань ч онцлон уулзалтынхаа гол сэдвийг болгосон нь таатай байна” гэсэн юм.
“Гурван үеийн уулзалт” сургагч багш Д.Тэмүүлэнгийн “Үе хоорондын ялгаа” сэдвээр эхэлсэн бол ахмад төмөр замчдын дурсамжаар өртөөлж, хэлэлцүүлэг өрнүүлж, “Дурсамжийн галт тэрэг”-ээр аялж, асуулт хариулт, санал хураалтаар үргэлжлэн зангилааны даргын ая дууны мэндчилгээгээр өндөрлөлөө. 09.00-13.00 цаг хүртэл үргэлжилсэн уулзалтад үе үеийн төмөр замчдын хэн нь ч уйдсангүй. Харин ч санал сэтгэгдлээ хуваалцаж, зохион байгуулагч залууст талархал илэрхийлж байлаа. Ийнхүү Багануур зангилаанд хийсэн уулзалт өндөрлөж бид бүхэн хөлгийн жолоог Баянтүмэн тасаг руу залсан юм. Эхний уулзалтаа амжилттай зохион байгуулсан багийнхан сэтгэл баясаж, дараагийн уулзалтдаа итгэл дүүрэн давхисаар нэг л мэдэхэд давхиад очив.
Багийнхан өглөө эртлэн босохуй Дорнодын талаас наран алгуурхан мандаж байлаа. Өрөөний салхивчийг нээвэл сэнгэнэсэн цэвэр агаар урсан орж ирээд цээж дүүргэн бялхах ажгуу. Энэ агшнаа ахмад төмөр замчин Ч.Ядамсүрэн гуай “Мөн ч сайхан агаар аа” хэмээн уулга алдсан юм. Ийнхүү бид ундалж цайлаад Тасгийн захиргаа руу очвол Багануурынхан шиг л ахмадууд нь торгон дээлийнхээ энгэрт одон медалиудаа зүүгээд хэдийнэ иржээ. Жил бүрийн энэ уулзалтад УБТЗ-ын зангилаа бүрийн ахмадууд хамгийн их ач холбогдол өгч оролцдог юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд дунд, залуу үеийнхэн ч маш идэвхтэй оролцож, асуулт асуугаад зогсохгүй сэтгэл нь хөдөлбөл дуулж, шүлэг уншиж, бүжиглэх нь ч бий.
...Ай хө, Баянтүмэний төмөр зам аа
Ай хө, Баатар хотын ээлтэй зам аа... хэмээх ТЗДС-ийн ахмад багш Д.Лхамсүрэнгийн шүлэг, МУСТА С.Батмөнх агсны аялгуугаар бүтсэн дуу Тасгийн захиргааны үүдээр ороход эгшиглэж байлаа. Халх голын дайны үеэр барьсан тус төмөр замд яруу найрагчдын зориулсан шүлэг цөөнгүй бий.
Баянтүмэний төмөр зам
Бараадах ханьгүй орь ганц зам
Гүйгүүл хүлэг нутгаа зорьж дэргэх шиг
Гүргэр ганц зам
Баатар хотын бараа таваар, хүн зоныг
Байдаг чадлаараа зөөсөн
Хөдөлмөрийн баатраар шагнамаар
Хөгшин зам... хэмээн Дорнодын яруу найрагч Н.Мөнхсайхан шүлэглэсэн байдаг. Ийм л дуу шүлгийн эзэн болсон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Баянтүмэний төмөр замчид хурлын танхимдаа товлосон цагтаа цугларснаар уулзалт эхэллээ. Тасгийн дарга Д.Батмөнх “Баянтүмэний төмөр замын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд ойрын таван жилд Замын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлэн цахилгаан эрчим хүчний 32.5 км шугам барихад 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 103 дугаар км-ийг эрчим хүчинд холболоо. Одоо зөвхөн 37 дугаар зөрлөг л эрчим хүчгүй үлдээд байна. Манай хамт олны 70 гаруй хувь нь залуучууд. Тиймээс ҮЭ-ийн хороотойгоо хамтраад залуучуудаа дэмжиж ажиллах төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд гэр бүлээрээ хамт ажиллаж буй залуусаа хүлээн авч уулзахаар төлөвлөсөн. Цаашлаад нийт ажилчдад тулгамдаж буй ямар асуудал байна гэдгийг уулзаж тодорхойлно. Мөн урлаг, спорт, олон нийтийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд нь их ач холбогдол өгч ажиллана. Төр засгийн бодлогоор барих шинэ төмөр замууд нэлээд яригдаж байна. Шинэ төмөр зам баригдан Баянтүмэн холбогдлоо гэхэд манай залуус орчин үеийн техник, технологийг мэдэж сурсан, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ хүрээнд жил бүр үе шаттайгаар залуучуудаа ТЗДС, ПТК-д сургаж байгаа. Энэ жил л гэхэд бид найман хүн шинээр элсүүлэх саналаа Замын захиргаанд өгөөд байгаа. Замын захиргааны энэ оны зорилтын хүрээнд залуучуудаа орон нутагтаа хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах вэ гэхээр орон сууцны асуудал гарч ирдэг. Баянтүмэн тасагт сүүлийн 40 шахам жил орон сууцны барилга бариагүй. Тиймээс миний бие Тасгийн даргаар томилогдсоны хувьд цаашид ипотекийн орон сууц бариулах талд анхаарч ажиллана. Барилгын компаниудтай уулзаж, саналыг нь авч, Замын захиргаанд санал хүсэлтээ илэрхийлж байгаа. Үүний зэрэгцээ орон сууц авах хүсэлтэй, ипотекийн зээлийн шаардлага хангах ажилчдын судалгааг гаргахаар ажиллаж байна” гэсэн юм. Түүнчлэн, тасгийн дарга асан, ахмад төмөр замчин Л.Энхболд ялангуяа хил дээр, хөрш оронтой харилцаатай ажилладаг залуус орос хэл сурах хэрэгтэйг онцолж, цаашид урд хөрштэй шинэ төмөр замаар холбогдоход хятад хэлийг ч сурах шаардлага тулгарахыг сануулж байлаа. Мөн “Төмөр замчид маань авч буй цалингаа зөв зарцуулж, хэтийдсэн хэрэглээгээ хянах нь чухал. Сайхан амьдрахад тийм ч их эд хөрөнгө хэрэггүй. Нэгнийхээ дээр гарах гэж хэт их өр зээл тавих ч шаардлагагүй. Тооцоолоогүй их зээлдээ дарагдаж бухимдаад байх шиг санагддаг. Хэрэглээ нь хязгааргүй хүн арван сая төгрөгийн цалин авсан ч чамлана. Хоёрдугаарт, ахмадын болон удирдлагын үгийг зөвөөр хүлээж ав. Ажлынхаа сайхныг нь олж харан бахарх. Миний хувьд дарга байхдаа өөрөө дунд нь орж дэр мод өргөөд л ажилладаг байлаа. Арай л зүтгүүр жолоодож, хүн эмчилсэнгүй. Бусад бүх ажилд төмөр замчидтайгаа мөр зэрэгцээд ажилладаг байсан” гэлээ.
Түүнчлэн, Монгол Улсын Гавьяат багш Л.Цолмон нийгмийн салбарынхны төмөр замд байх ёстой шалтгаан нөхцөлийн талаар ярьж байв. Тэр дундаа өөрийнх нь олон жил удирдсан хүүхдийн байгууллагыг улсад шилжүүлэх гэж байхад нь төмөр замд хэрхэн авч үлдсэн, авч үлдсэнээр төмөр замчид ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа хийх нөхцөл бүрдсэн зэрэг ач холбогдлын талаар онцолсон юм. Мөн Гавьяат барилгачин Ж.Энхтуяа ажил удирдагч нар ажил мэргэжлээ өөрийн болгоод зогсохгүй шинэ залуусыг сургаж эгнээндээ нэгтгэснээр хүчирхэг баг бүрддэг гэдгийг бодит жишээн дээр тулгуурлан ярьсан нь сонирхолтой байлаа.
Ийнхүү гурван үеийн төмөр замчид санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж, тасгийн дарга Д.Батмөнх, Барилга орон сууцны муцаан Н.Намуунзул нар “Баянтүмэний төмөр зам” дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ.
М.Наранболд