Сайншанд Татах хэсгийн дарга О.Батдоржтой уулзаж ярилцлаа.
-Татах хэсгийн одоогийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар товч танилцуулна уу. Өнөөдөр Сайншанд Татах хэсэг хэдэн ажилтантай, ямар үндсэн чиг үүргээр ажиллаж байна вэ?
-Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1954–1956 онд Улаанбаатараас Замын-Үүд, Эрээн өртөөдийн хооронд 713 км урт өргөн царигийн төмөр замыг барьж, Чойр, Сайншанд, Замын-Үүдийн зүтгүүрийн депогийн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулсан. Мөн “ТЭ-1”, “ТЭ-2” серийн илчит тэрэг болон зам засварын машин, механизмуудад техникийн үйлчилгээ, урсгал засвар, бүрэн зэхэлтийг хийж эхэлсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярын жил Сайншанд Татах хэсэг байгуулагдсан түүхтэй. Өдгөө олон улс болон орон нутгийн ачаа, зорчигчийн галт тэргэнд зүтгүүрийн бригадаар үйлчлэхийн зэрэгцээ зүтгүүрийн засвар, техникийн үйлчилгээний ажлыг гүйцэтгэн, төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Тус байгууллага нь 139 ажил мэргэжлийн 642 ажилтан, албан хаагчтайгаар төмөр замын тээврийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чухал үүргийг гүйцэтгэдэг. Бүтэц зохион байгуулалт нь ашиглалт, засварын гэсэн үндсэн цехээс гадна контор, аж ахуйн болон түлш дамжуулах зэрэг нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа хойш төмөр замын тээврийн салбарын хөгжилтэй уялдан тасралтгүй өргөжүүлж, зүтгүүрийн ашиглалт, засвар үйлчилгээ, тээврийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр олон жилийн туршлагатай мэргэшсэн хамт олон болж, хөгжиж ирсэн түүхтэй.
-Ажиллах хүчний хүрэлцээ, хүний нөөцийн ачаалал ямар байна вэ?
-Ажиллах хүчний хомсдол дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж, мэргэжилтэй, ур чадвартай ажилтныг олох өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдал манай төмөр замын салбарт ч тодорхой хэмжээгээр мэдрэгдэж байгаа.
Манайх хөдөлгөөний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахын зэрэгцээ мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортой байлгах нь бидний чухал зорилтын нэг. Тиймээс шаардлагатай хүний нөөцийг гаднаас хайхын зэрэгцээ өөрсдөө бэлтгэх, залуу ажиллах хүчнийг мэргэжилд сургаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгой анхаардаг. Цаашид хүний нөөцийн бодлогыг зөвхөн орон тоо нөхөх асуудал бус, чадварлаг ажилтнаа хөгжүүлж, хадгалан үлдэх урт хугацааны бодлого гэж харж ажиллана.
-Одоогоор хамгийн тулгамдаж буй асуудал байна уу?
-Мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, ажиллах, амьдрах орчныг сайжруулах нь тулгамдсан асуудал байна. Энэ нь ажлын ачаалал, ажилтны тогтвор суурьшилд нөлөөлдөг учраас бид сургалт, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ ажиллах орчин, нийгмийн дэмжлэгийг сайжруулахад анхаарч байна. Ингэснээр ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
-Зүтгүүр, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал ямар түвшинд байна вэ?
-Ерөнхийд нь хангалттай түвшинд гэж үнэлж болох ч ашиглалтын явцад техникийн гэмтэл, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн хангамжтай холбоотой асуудлаас шалтгаалан бэлэн байдлын түвшин буурах тохиолдол гардаг. Зүтгүүрийн техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангахын тулд өдөр тутмын үзлэг, техникийн үйлчилгээ, төлөвлөгөөт засвар, оношилгоог хугацаанд нь хийх шаардлагатай. Мөн хөдөлгөөнд ашиглаж буй техник тоног төхөөрөмжийн насжилт, элэгдэл болон сэлбэгийн хангалтыг тогтмол хянах нь галт тэрэгний хөдөлгөөний саатлыг бууруулах чухал хүчин зүйл юм.
Манай татах хэсгийн данстай гол замын “2ТЭ116УМ” серийн 20 илчит тэрэг, сэлгээ зөөврийн “М62УММ” серийн нэг, “ТЭМ18ДМ” серийн тав, “ТЭМ2” серийн хоёр, “ТЭМ18” серийн нэг илчит тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зорчигчийн галт тэргэнд “2ТЭ116УМ” серийн есөн илчит тэрэг, “М62УММ” серийн нэг илчит тэрэг аялж байгаа нь зүтгүүрийн болон техникийн байдал ямар түвшинд байгааг харуулах байх.
-Засвар үйлчилгээ болон эвдрэл саатал хамгийн их гардаг хэсэг юу вэ?
-Гол замын “2ТЭ116УМ” серийн илчит тэргүүд нь 2010-2011 онд орж ирсэн. Түүнээс хойш бүгд завод засварын гүйлт гүйцсэн илчит тэрэгнүүд байгаа тул цахилгаан аппарат, цахилгаан машин, дизель, туслах тоноглол, цахилгаан явах анги гэсэн группүүдээр гэмтэл саатал зарим үед үүсдэг. Гэсэн хэдий ч манай хамт олон гэмтэл саатлыг түргэн шуурхай арилгах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаар гардаг зөрчил дутагдлыг өмнөх онуудаас бууруулсан. Зүтгүүрт гарсан гэмтэл, саатлыг сүүлийн таван жилээр авч үзэхэд ихэвчлэн хоорондын замд гарч, гэмтэл зогссоноос шалтгаалж байна. Иймд зүтгүүрийн бригадууд маань гэмтэлтэй, гэмтэл нь бүрэн оношлогдоогүй илчит тэргийг хоорондын замд авч гарахгүйгээр өртөө зөрлөгт урьдчилан оношилж, боломжтой бол засварлах арга хэмжээг авч ажиллаж байна.
-Галт тэрэгний хөдөлгөөнд саатал үүсгэж байгаа гол шалтгаанууд юу байна вэ?
-Илчит тэрэгний эд ангийн сэлбэгийн нөөц хангалтгүй байгаа нь нэг шалтгаан. Мөн тээврийн хэмжээ, зүтгүүрийн парк өссөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдсэн. Жилд дунджаар 200 орчим шинэ ажилтан авч байгаа ч тэднийг сургаж, дадлагажуулан, туршлагатай, чадварлаг ажилтан болгон төлөвшүүлэхэд тодорхой хугацаа шаарддаг. Энэ шилжилтийн үед ажиллах хүчний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний зохион байгуулалтад хүндрэл үүсгэдэг.
-Аюулгүй ажиллагааны хувьд анхаарах шаардлагатай асуудал байна уу?
-Аюулгүй ажиллагаа бол бидний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг. Тиймээс аливаа ажлыг эхлүүлэхийн өмнө эрсдэлийг урьдчилан тооцоолж, шаардлагатай зааварчилгаа, хамгаалалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг. Мөн ажилтан бүр аюулгүй ажиллагааны дүрэм, журмаа чанд мөрдөж, бие биедээ анхаарал тавьж ажиллах нь чухал гэж үздэг. Цаашид ч аюулгүй ажиллагааны соёлыг улам сайжруулж, эрсдэлгүй, найдвартай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
-Ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ээлжийн зохион байгуулалт хангалттай гэж үзэж байна уу?
-Байгууллагын зүгээс ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах үүднээс олон төрлийн ажил зохион байгуулдаг. Зүтгүүрийн бригадын ажлаа тав тухтай хийх нөхцөлийг хангах зорилгоор хавар, намрын комиссионы үеэр илчит тэрэгний кабиныг тохижуулах, амрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Чойр солилцох тасаг болон Замын-Үүд Татах хэсэгт байх зүтгүүрийн бригадын амрах байрыг засварлах, тавилга, хэрэгслүүдийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.
Манай байгууллага нь дан говийн бүс дамжин тээвэрлэлт зохион байгуулдагтай холбоотойгоор хүний нөөцийн тогтвор суурьшил хүндрэлтэй байдаг. Энэхүү хүндрэлийг даван туулахад дэмжлэг болгон Замын захиргаанаас “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр цаг агаарын хуурай, халуун, салхи шуурга ихтэй говийн хүнд нөхцөлд ажиллаж буй төмөр замчдын ажиллах болон амьдрах орчин, тав тухыг сайжруулах, эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байна. Мөн ажилтнуудын ажлын сэтгэл ханамж, тогтвор суурьшилд эерэгээр нөлөөлж, нийгмийн хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
-Ажилтнуудын сургалт, хөгжлийг хэрхэн дэмжиж байна. Ямар асуудлаар ажилтнуудын санал, гомдол хамгийн их гардаг вэ?
-Манай байгууллагын хамгийн үнэт зүйл бол мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай ажилтан. Тиймээс ажилтнуудын сургалт, хөгжлийг зөвхөн төлөвлөгөөт сургалтаар хязгаарлахгүй, ажлын байрны бодит хэрэгцээ, техник технологийн шинэчлэл, гарч буй гэмтэл дутагдалтай уялдуулан зохион байгуулахыг зорьдог.
2026 онд Сайншанд дахь Урд бүсийн сургалтын HUB төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж, шинэ ажилтны сургалт, зүтгүүрийн туслах машинч бэлтгэх чадамжийн сургалт, засварчдын зэрэг ахиулах болон ээлжит бус техникийн сургалтуудыг зохион байгууллаа. Тухайлбал туслах машинчийн дөрвөн сарын чадамжийн сургалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, 20 суралцагч амжилттай төгсөж ажлын байраар хангагдсан. Мөн давтагдсан тоогоор 745 ажилтныг хамруулсан ээлжит бус сургалт зохион байгуулсан.
Инженер, техникийн ажилтнуудаа ч “AutoCAD”, “SolidWorks” зэрэг мэргэжлийн программын сургалт, дотоод болон гадаадын туршлага судлах сургалтад хамруулж байна. Цаашид сургалтыг илүү практик, симулятор болон цахим технологид тулгуурласан хэлбэрт шилжүүлж, “Сургалт-ур чадвар-үйлдвэрлэлийн үр дүн” гэсэн уялдааг улам бэхжүүлэх зорилготой.
Ажилтнуудын санал, гомдлын тухайд гэвэл манайх үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаатай, ээлжийн зохион байгуулалттай байгууллага учраас ажилтнуудаас ирдэг санал хүсэлт ихэвчлэн ажлын байрны нөхцөл, техник хэрэгслийн хангамж, нийгэм ахуйн орчин, амралт болон ажиллах нөхцөлийг сайжруулахтай холбоотой байдаг. Бид ажилтны санал хүсэлтийг зөвхөн асуудал гэж харахаас илүүтэй байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах нэг чухал эх сурвалж гэж үздэг. Тиймээс боломжтой асуудлыг тухайн түвшинд шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалт шаардсан асуудлыг эрэмбэлж төлөвлөгөө, төсөвт тусгуулах чиглэлээр ажилладаг. Сүүлийн жилүүдэд ажиллах орчин, сургалтын нөхцөл, засварын бааз, техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Цаашид ч ажилтнаа сонсдог, санал санаачилгыг нь бодит ажил болгодог, хүн төвтэй ажлын орчныг бүрдүүлэх нь бидний гол зорилтын нэг хэвээр байх болно.
-Ажилтнуудын мэргэшил, сургалт, ур чадварыг дээшлүүлэхэд ямар хэрэгцээ байна вэ?
-Сайншанд Татах хэсэгт техник, технологийн шинэчлэл байнга явагддаг, ажилтнаас өндөр хариуцлага, нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Тиймээс бидэнд онолын сургалтаас гадна бодит ажлын байранд суурилсан дадлага, чадамжийн сургалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ хамгийн их байна. Ялангуяа, шинэ серийн зүтгүүр, цахилгаан болон электрон удирдлагын систем, оношилгоо, засвар үйлчилгээний чиглэлээр ажилтнуудаа тогтмол мэргэшүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ сургалтын симулятор, VR төхөөрөмж, 3D интерактив материал, сургалтын стенд, цахим сургалтын санг хөгжүүлснээр ажилтан тоног төхөөрөмж дээр шууд ажиллахаас өмнө аюулгүй орчинд дадлагажих боломж бүрдэнэ.
Мөн зөвхөн техникийн ур чадвар бус инженерүүдийн программ хангамж, дижитал технологийн хэрэглээ, удирдах ажилтны манлайлал, харилцаа хандлага, сургагч багш нарын арга зүйн ур чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх шаардлагатай байна.
-Татах хэсгийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Зүтгүүрийн техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, сэлбэг материалын нөөцийг тогтвортой бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх, ажлын зохион байгуулалт болон засвар үйлчилгээний үр ашгийг сайжруулах шаардлагатай. Мөн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, урамшуулал, тогтвор суурьшлыг дэмжих нь бүтээмжид чухал нөлөөтэй.
-Түлш, сэлбэг хэрэгсэл болон бусад материалын хангалт ямар байна вэ?
Түлшний хангалт хэвийн байгаа боловч илчит тэрэгний зарим эд ангийн сэлбэг, материалын нөөц хангалтгүй, нийлүүлэлтийн хугацаа удааширдаг. Энэ нь засвар үйлчилгээний хугацаа болон зүтгүүрийн бэлэн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
-Ойрын 3-6 сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилт юу байна вэ?
-Бид зүтгүүрийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, сэлбэг материалын нөөцийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн нөхөлтийг эрчимжүүлж, шинээр ажилд орсон ажилтнуудын сургалт, дадлагыг сайжруулах зорилт тавьсан. Мөн засварын чанар, хугацааг сайжруулж, тээврийн өсөлтөд нийцсэн зүтгүүрийн найдвартай ажиллагааг хангахад анхаарч ажиллана. Засварчин, зүтгүүрийн туслах машинчийн чадамжийн сургалтыг тогтмол зохион байгуулж, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэн, хүний нөөцийн сан бүрдүүлэлтэд үе шаттайгаар анхаарна.
-Орчин үеийн техник, технологийн хөгжил татах хэсгийн ажилд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Сайншанд Татах хэсэг төдийгүй УБТЗ-д ашиглаж байгаа зүтгүүрүүд оношилгоо, хяналт, удирдлагын микропроцессорын системээр тоноглогдсоноор зүтгүүрийн бригадын болон засварчид, инженер техникийн ажилтнуудын ажил хөнгөвчлөгдөж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин дээшилж байна. Галт тэргийг хоорондын зай, цаг хугацаагаар хязгаарлах СИРДП-Е системийг ашигласнаар зүтгүүрийн бригадын зүгээс хурд хэтрүүлэх, хориглосон заалттай дохио өнгөрөх зэрэг бодит эрсдэл, үл тохирлууд буурч галт тэрэний хөдөлгөөний аюулгүй байдал сайжирсан гэж харж байна.
Цахим эрин үетэй хөл нийлүүлэн алхаж ажилтнуудын сурах дэвших боломжийг ханган шинэ дэвшилтэт техник технологийг сургалтад ашиглаж байна. Тухайлбал, зүтгүүрийн бригадын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор Замын захиргаанаас цахим платформыг хөгжүүлж өдөр тутмын сургалтадаа ашиглаж эхлээд байна. Мөн бодит орчинд сургах зорилгоор VR технологийг ашиглаж байна. Үүний үр дүнд зүтгүүрийн бригадын мэдлэг дээшлэх, үүнийг дагаад ГТХАБ тодорхой хэмжээнд сайжирч байгаа.
POWER BI программыг ашиглан туузны дутагдал болон ГТХАБ-аар сүүлийн таван жилийн хугацаанд гарсан үл тохирлууд дээр дүн шинжилгээ хийж тухайн сар, улирал, жилд гарч болох эрсдэлийг урьдчилан харж, түүнийг давтан гаргахгүй байх чиглэлээр сургалт, зааварчилгаа өгчснөөр туузны дутагдал, ГТХАБ-ын үл тохирлууд жилээс жилд буурч байна.
-Төмөр замын аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагын хувьд танай хамт олон юуг хамгийн чухалчилдаг вэ?
-Төмөр зам бол өндөр хариуцлага, нарийн зохион байгуулалт шаарддаг салбар учраас бид аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг хамгийн түрүүнд тавьдаг. Аливаа ажлыг дүрэм, журмын дагуу зөв гүйцэтгэхээс гадна ажилтан бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хамт олныхоо аюулгүй байдалд анхаарч ажиллахыг чухалчилдаг.
Мөн бид “Аюулгүй ажиллагаа бол хүн бүрийн үүрэг” гэсэн зарчмыг баримталдаг. Бие биедээ зөв шаардлага тавьж, алдаа зөрчлийг цаг тухайд нь хэлж засаж, туршлага мэдлэгээ хуваалцах нь сахилга хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ ажлын чанарыг дээшлүүлдэг. Эцсийн дүндээ бидний зорилго бол ажилтан бүр ажлаа аюулгүй, хариуцлагатай гүйцэтгэж, төмөр замын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах явдал юм.
-Сайншанд Татах хэсэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойг угтаж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-70 жилийн түүхтэй байгууллагынхаа ойг угтаж байгаадаа баяртай, бас бахархалтай байна. Энэ бол зөвхөн нэг байгууллагын түүхэн ой биш, үе үеийн төмөр замчдын хөдөлмөр, хариуцлага, хичээл зүтгэлээр бүтсэн 70 жилийн түүхийг эргэн харж, цаашдын хөгжлөө тодорхойлох сайхан боломж юм.
-70 жилийн түүхийг эргэн харахад танай хөгжилд хамгийн чухал үе, он жилүүд нь хэзээ байв?
-Тухайн үеийнхээ тээврийн хэрэгцээ, техникийн хөгжилтэй уялдан зүтгүүрийн парк шинэчлэгдсэн, засвар үйлчилгээний хүчин чадал нэмэгдсэн, хөдөлмөрийн зохион байгуулалт боловсронгуй болсон он жилүүд Татах хэсгийн хөгжлийн чухал үеүд байсан. Ялангуяа, сүүлийн жилүүдэд тээврийн хэмжээ нэмэгдэж, зүтгүүрийн парк өссөнтэй холбоотойгоор техник, хүний нөөцийн чадавхаа нэмэгдүүлэх шаардлага улам бүр тавигдаж байна.
-Энэ 70 жилийн хугацаанд ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнуудаас онцлон дурсвал?
-Энэ асуултад тодорхой нэрсийг дурдах, нэг хүнийг онцлохоос илүүтэй 70 жилийн түүхийг үүрч, бүтээж ирсэн үе үеийн зүтгүүрчид, ахмад ажилтнуудаа бүгдийг нь дурсах нь зүйтэй гэж боддог. Зүтгүүрийн бригад, засварчин, ажилтнууд, инженер, техникийн ажилтан гээд өөр өөрийн ажлын байр, үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, хөдөлмөр, зүтгэлээрээ Татах хэсгийн түүхийг бүтээн, залгамжлуулан өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн ахмад үеийнхэндээ талархаж явдаг.
Өнөөдөр бидний ажиллаж байгаа энэ байгууллагын суурь, нэр хүнд, уламжлал бүхэн тэдний хөдөлмөрөөр бий болсон. Тиймээс түүх бол зөвхөн он цагийн дараалал биш, үе үеийн төмөр замчдын хөдөлмөр, амьдрал, зүтгэлээр бүтсэн үнэт өв гэж боддог.
-Ахмад үеийн ажилчдаас өнөөгийн залууст өвлөгдөж ирсэн хамгийн чухал зүйл юу вэ?
-Хамгийн чухал нь ажилдаа эзэн байх сэтгэл, хариуцлага, тэсвэр хатуужил, мэргэжлээ хүндэтгэх хандлага гэж боддог. Төмөр замын ажил цаг наргүй, өндөр хариуцлагатай учраас ахмад үеийнхний энэ чанарууд өнөөдрийн залуу ажилтнуудад өвлөгдөн үлдэж, цаашид улам хөгжих ёстой. Техник технологи шинэчлэгдэж болох ч ажилдаа хандах хариуцлагатай хандлага хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.
-70 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн төмөр замчдын хөдөлмөрийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл юу хэлэх вэ?
-70 жилийн түүхийг бүтээсэн үе үеийн төмөр замчдаараа бид бахархдаг. Тэдний хөдөлмөр, зүтгэлээр бий болсон энэ сайхан түүхийг өнөөдрийн бид үргэлжлүүлж, дараагийн үедээ өвлүүлж байна.
-70 жилийн ойгоороо хамт олондоо болон нийт төмөр замчдадаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Манай байгууллагын “Зүтгүүрээр түүчээлсэн 70 жил” ойн үйл ажиллагаа аравдугаар сарын 09, 10-ны өдөр болно. Ойн баярын мэндийг үе үеийн ахмад ажилтан, нийт хамт олон, нийт зүтгүүрчдэдээ өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн 70 жил бол үе үеийн зүтгүүрчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтсэн түүх юм. Та бүхний минь ажил үйлс өөдрөг, эрүүл энх, амар амгалан байж, ган зам маань зурайж, галт тэрэг нь хурдалж байх болтугай.
-Танд ажлын амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
