БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.
Уг нүхэн гарц ашиглалтад орвол хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. Энэ мэтчилэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Hermes” төвөөс урагш Төмөр замын зоорь, “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвар дээр нүхэн гарц хийх юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.