Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. "Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа" сэдэвт уг хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцож буй. Нүүрсний цахим арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах гарц энэ сард нээгдсэн. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" болон "Энержи Ресурс" ХХК нүүрсээ биржээр арилжаалж эхлээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд л гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалсан дүнтэй байгаа юм. Цаашид биржийн арилжааг улам төгөлдөржүүлснээр нүүрс тойрсон хулгай, авлига, хуйвалдааныг таслан зогсоож чадна гэсэн зорилготой ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцоллоо.