Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан нүүрсний цахим арилжаа амжилттай хийгдлээ. Эхний арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” компани нийт таван багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг худалдсан байна. Нүүрс арилжаалах доод үнийг компаниуд өөрсдөө зарлаж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компани доод үнийг 178.6 ам.доллароор зарласан байна. Харин хэлцэл 179.1 ам.доллароор хийгджээ. Нүүрс хүргэж өгөх буюу нийлүүлэлт хийх сүүлийн өдрийг гуравдугаар сарын 16-ны өдөр гэж тооцоолсон байна. Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа баасан гарагт явагдана. Нүүрсний цахим арилжаанд Төрийн өмчит компаниуд заавал, харин хувийн хэвшил сайн дураар оролцож болно. Тиймээс “Энержи Ресурс” компани сайн дураар оролцохоор болсон бөгөөд хоёрдугаар сарын 15-нд арилжаанд оролцох тов гарсан байна.
Монгол Улс нүүрсийг туршилтын журмаар ийнхүү арилжиж эхэллээ. Харин долоодугаар сарын нэгнээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль албан ёсоор хэрэгжиж, бусад эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжихаар төлөвлөөд байгаа юм.