Чулуун заводын дарга Н.Отгонбаатараас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

 

-Энэ жилийн замын төлөвлөгөөт их, дунд засварын хүрээнд танай байгууллага ямар ажлууд хийж байна вэ?

-Тавдугаар сарын 12-ны байдлаар,  манайх 41673 шоо метр щебень, 17870 шоо метр щебур  үйлдвэрлэсэн.  Одоо үйлдвэрийн талбайд 64532 шоо метр щебений нөөц бүрдүүлээд байна. Мөн 13230 шоо метр 10, 20 мм-ийн, 7421 шоо метр 5-10 мм-ийн щебурийн үлдэгдэлтэй байгаа.

Дөрөвдүгээр сард замын үерийн нөөцийн чулуу бэлтгэх үүрэг даалгавар авсан. Энэ ажлын хүрээнд бүх Замын ангиудад ачаатай зогсох шаардлагатай үерийн чулууг бэлтгэж платформд ачиж илгээсэн. Мөн Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийг шаардлагатай хайрга чулуугаар нь тасралтгүй хангаж байна.

2023 онд Замын их, дунд засварт шаардлагатай щебенийг бүрэн нийлүүлэх боломжтой байгаа. 34 км замын их засвар, мөн дунд засвар, өртөө зөрлөгийн өргөтгөлд щебень нийлүүлнэ. Одоогийн байдлаар дунд засварын ажлууд 50 орчим хувьтай явж байна.

Замын III ангийн дунд засварын ажлууд хийгдэж байна. Одоогоор Цайдам зөрлөгийн өргөтгөлийн шорооны ачилтыг тогтмол хийж байна.

-Энэ жил танайд их барилга, их засварын томоохон ажлууд хийгдэх үү?

-Олон-Овоо-1 ордын нөөц дуусаж байгаатай холбоотой Олон-Овоо-2 орд руу шилжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэхдээ Олон-Овоо-2 орд дээр зөвхөн уулын техникүүд ажиллаж, олборлолтын ажил хоёр ордод хийж байгаа ч нэг орд дээрх тоног төхөөрөмжүүд дээр л үйлдвэрлэл явуулж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард Замын техникийн зөвлөлийн хурлаар Чулуун заводыг Олон-Овоо-2 орд руу шилжүүлэх техник эдийн засгийн зөвлөгөөн болсон. Уг хурлаар ТЭЗҮ-ийг бүрэн дэмжсэн. Үүнд, үе шаттай хөрөнгө оруулалт хийж, Олон-Овоо-2 ордын уулын цулын тээврийн зайг богиносгон, бутлах шугамуудын тоног төхөөрөмжүүд суурилуулах, ордод ойрхон үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн.

Үүнийг Замын Техникийн зөвлөлөөс бүрэн дэмжсэн. Энэ жил бид Олон-Овоо-1-Олон-Овоо-2 ордыг холбосон 5.5 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Энэ замын зураг төсөл хийгдэж байна. Мөн шинэ бутлах шугамын суурийн ажлыг 2021 онд хийсэн. Бутлан ангилах шугам худалдан авах гэрээ байгуулагдсан. Тун удахгүй нийлүүлэгдэх байх.

-Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ?

-Байгууллагын тоног төхөөрөмж, машин техник шинэчлэгдэж байгаа боловч заримынх нь эдэлгээний хугацаа дууссан. Ялангуяа, бутлан ангилах шугам, авто ачигчуудынх.. Эдгээр тоног төхөөрөмж, машин техник бүтээмж багатай, ажилд саад учруулж байна. Бид өөрсдийн хэмжээнд засаж сэлбээд ажлаа явуулж байна.

-Танайх “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд бортогонд мод үржүүлэх ажлаа хийж байгаа юу?

-Өнгөрсөн жил манайх бортогонд 1-2 настай суулгац тарьж байсан бол энэ жилээс бид үрээр тарьж эхэлсэн.  Энэ жил бид улиас, хайлаасны 450 үрсэлгээг үрээр хийж хүлэмжиндээ бойжуулж байна. Орон нутгийн онцлогт тохирсон, говьд ургах чадвар сайтай модны үржүүлэг хийхээр зорьж байна. Манай байгууллагыг “Тэрбум мод” хөтөлбөрт нэгдэж анхны гараагаа амжилттай эхлүүлсэн. Бортогонд мод үржүүлэн тарих, хөрсний шинжилгээ хийлгэсэн зэрэг ажлыг маань аймгийн Байгаль орчны газраас үнэлж, бидэнд дэмжлэг үзүүлж, 20х6 метрийн харьцаатай хүлэмж өгсөн. Бид энэхүү хүлэмжээ угсраад мод үржүүлэхээс гадна ажилчдын цайны газарт шаардлагатай нарийн ногоо тариалаад эхэлсэн.    

 

Б.Гүнжинлхам