УБТЗ-ын МАХН-ын хороо үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан гаргасан "Монгол Ардын Нам төмөр замын хөгжилд" номын нээлт боллоо. Төмөр замын намын хорооны 75 жилийн түүх бол УБТЗ ХНН-ийн түүхийн нэг салшгүй нэг хэсэг бөгөөд төмөр замын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан. 1960-аад онд Монгол орон даяар түгэн дэлгэрсэн анхны социалист хөдөлмөрийн бригад, коммунист субботник зэрэг өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллахын үлгэр дууриалыг үзүүлсэн эх оронч хөдөлгөөнүүд хамгийн анх түрүүнд УБТЗ-ын Намын хорооны санаачилгаар өрнөж байсан юм. Энэ ч утгаараа номыг зохиогчид болон нээлтэд оролцогсод энэ талаар дүгнэн ярилцжээ. МАХН-ын хороог байгуулсан нь улс орны бүтээн байгуулалтад төмөр замчдын эх оронч идэвх оролцоог нэмэгдүүлэх, социалист уралдааныг өрнүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, намын гишүүд, удирдах ажилтны манлайллыг өндөржүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хамт олныг нягтруулах, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Төмөр замын намын хорооноос зохион байгуулж байсан эдгээр ажил нь УБТЗ-ын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмрээ оруулж ирсэн юм. Түүгээр ч зогсохгүй Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг шинэ хот суурин, үйлдвэр уурхайг барьж байгуулах улс орны хэмжээний бүтээн байгуулалтад төмөр замчдын эх оронч сэтгэлийг бадрааж, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд УБТЗ-ын Намын хороо чухал үүргийг гүйцэтгэсэн. Ийнхүү УБТЗ-ын Намын хороо төмөр замчдыг улсын хэмжээнд ажил үйлсээрээ ямагт тэргүүн эгнээнд явж, үлгэрлэн манлайлах ажлыг удирдан зохион байгуулж иржээ.
