Нүүр Бүтээн байгуулалт “Ногоон ажлын байр”-ны стандартыг хэрэгжүүлцгээе
Бүтээн байгуулалт

“Ногоон ажлын байр”-ны стандартыг хэрэгжүүлцгээе

G.Press 1 жилийн өмнө 183 үзэлт 0 сэтгэгдэл

 

                       

                                 “Ногоон ажлын байр”-ны үндэсний стандартыг Монгол Улсад 2023 онд “MNS 7002:2023 Байгаль орчны менежмент, Ногоон ажлын байр-хэрэгжүүлэх арга зүйн заавар” нэртэйгээр баталсан. Энэхүү стандарт батлагдсан цагаас хойш даруй хоёр жил өнгөрчээ.

Байгууллага бүр уг стандартыг хэрэгжүүлснээр НҮБ-ын баталсан тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Алсын хараа -2050, Тогтвортой хөгжил 2030 зэрэг стратегийн холбогдолтой үзэл баримтлалуудыг дэмжиж байгаагийн илэрхийлэл болох юм.

Юуны түрүүнд уг стандартыг хэрэгжүүлэхдээ одоогийн байгаа нөхцөл байдлыг судлан эхлэх цэгээ тодорхойлох хэрэгтэй. Ногоон ажлын байрны стандартыг нутагшуулах хэрэгжүүлэхэд ажилтан нэг бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Ингэхдээ удирдлагууд тухайн стандартыг хэрэгжүүлэх, нутагшуулах багийг томилон үүрэг хариуцлагыг маш тодорхой зааж өгөх, түүнчлэн сургалт арга зүйгээр хангах, өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахаас эхэлнэ. Нэгэнт зорилт тавин шийдвэрлэсэн бол хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан эрсдэл, үр дүнг тооцох, хяналт мониторингийг хэрэгжүүлнэ.

Жишээ нь, танай байгууллага хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх шаардлагыг биелүүлэхдээ ажилтнууддаа хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадлыг суулгах сургалт арга зүйгээр хангах, хогийн савуудын байршлыг тодорхой зааж өгөх, ажлын байрнаас гарч буй хог хаягдлыг тодорхойлох, төрөлжүүлэх, бүртгэл хөтлөх, аюултай буюу хортой хог хаягдлын талаарх стандарт, дүрэм журмыг мөрдөх, түүнд нийцэж буй эсэхийг шалгах. Мөн дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй хүлэмжийн хий болох, хөргөлт, агааржуулалт, барилгын дулаалгын зориулалттай озон задлах төрлийн бодис (гидрофторт нүүрстөрөгч–HFC гэх мэт) болон аюултай бодис (хар тугалга-Pb, мөнгөн ус-Hg, кадми-Cd гэх мэт)-ын хэрэглээг хязгаарлах, хаягдалд тусгай хяналт тавих шалгах хуудсыг боловсруулах зэргийг бий болгоно. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх үр дүнтэй аргууд (3R гэх мэт)-ыг хэрэглэх, үр дүнг үнэлэхийг зорино. Мэдээж танай байгууллагын ажилтнууд хог хаягдлаа ангилан ялгах дадлыг бий болгосон бол тэднийг урамшуулах асуудлыг орхигдуулж болохгүй. Монгол Улсад хэдийгээр дахин боловсруулах байгууллагууд цөөн хэдий ч нийтлэг хэрэглээний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр цөөнгүй бий. Дараагийн дугаарт эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллийг хүргэх болно. Анхаарал хандуулан уншсан танд баярлалаа. Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.  

 

Экологийн хяналтын байцаагч Г.Дашням

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.