Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн ажилчидтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд компанийн хэрэгжүүлж буй зорилт, арга хэмжээний хэрэгжилт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахын сацуу ажилчдын санал хүсэлтийг сонслоо.
Төмөр замын суурь бүтэц, эрчим хүч, дохиолол холбоо, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэр логистикийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад нийт ажилчдын 70 хувь нь орон нутагт, өдөр, шөнийн ээлжийн хуваариар, нэг ээлжиндээ 300 орчим хүн ажиллаж байна. Ажилчид, тээврийн компани болж өргөжиж байгаатай холбоотойгоор тээвэр логистикийн мэргэжилтэй боловсон хүчний дутагдал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцөө үе шаттайгаар сургалтад хамруулах, мэргэшүүлэх, орон тооны асуудлыг шийдвэрлэх, нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг тогтмолжуулах зэрэг асуудлыг тавилаа.
Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар зарим нэмэгдэл хөлсийг 04 дүгээр сараас олгож эхэлснийг дурдаад цаашид орон тоог оновчтой болгох, хүний нөөцөө чадавхжуулах, өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллыг холбогдох хууль, журамд заасны дагуу тогтмол олгох, дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, төслийн компаниас тээврийн компани болж өргөжин хөгжиж, цаашид эх орныхоо экспортыг эрчимжүүлэхэд хамт олон, ажилтан бүрийн хичээл зүтгэл чухал болохыг онцоллоо.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт шилжүүлэн ачих теминал, хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтуудыг цаг алдалгүй ашиглалтад оруулахаар холбогдох арга хэмжээг тасралтгүй авч ажиллаж байна.