"Ган зам" сонины арваннэгдүгээр сарын 04-ны өдрийн дугаарт УБТЗ ХНН-ийн Ерөнхий Хорооны дарга С.А Павловын “Гудок” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлага нийтлэгджээ. Төмөр замын одоогийн байдал, цаашдын хөгжлийн талаар ажил хэрэгч, асуудлууд хөндөгсөн нийтлэл ярилцлага байна.
Тэгэлгүй ч яахав. Энд эмнэлэг, цэцэрлэг, худалдаа, шугам замын уурын зуухнууд гэх мэт 937 обьект байдгийг “сануулъя” гэж тэмдэглэгджээ. Энэ нь шугам замын ихэвчлэн эцэг эхчүүд өөрсдөө зардлыг нь даадаг гэр цэцэрлэгүүд, зөрлөгийн жижүүр, замын хэсгийн техникийн кабинетийн гар пийшин цөмөөр тоологдож хамрагдсан байж ч мэднэ. Талын Монголын УБТЗ үнэхээр онцлогтой л доо. Өвлийн тэсгим хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга аль ч цаг үед төмөр замчид өдөр шөнөгүй зүтгэж төмөр замын тээврийн хэвийн жигд үйл ажиллагааг хангаж байгаа. Төмөр замын нийгмийн байгууллагууд нь төмөр зам байгуулагдсан анхны өдрөөс л хоёр Засгийн газрын анхаарлын төвд орж барьж байгуулагдаж, хөгжиж ирсэн яруу түүхтэй.
Ер нь зардал гарч байж орлого олдог. Энэ бол эдийн засгийн амьдралын философи. Эцэг нь машинч, эх нь галт тэрэгний үйлчлэгч, хоёул томилолтоор явсан байхад цэцэрлэг л ар гэрийг нь хэрэг дээрээ харж үлдэж байгаа шүү дээ. Манайхны зарим нь Швейцарьт тийм байдаг, Францад тийм ийм байдаг гээд л цэцэрхдэг. Манайх чинь хаврын хавсарга нүдсэн талын монголын төмөр зам шүү дээ. Харин манай нийгмийн чиглэлийн байгууллагууд, тэдгээрийн удирдлагууд зардал мөнгөө хэмнэлттэй зарцуулж, улам л сайн чамбай ажиллах ёстой. Манай Вагон депогийн инженерүүд угсарсан шугам замд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг “Талын гэгээ” нэртэй галт тэргээ ч тогтмол явуулж байх хэрэгтэй. Улсын хэмжээнд ч ийм графикт үйлчилгээ хаана ч байхгүй. Дээхнэ үед гутал загнадаг, цамц оёдог вагон хүртэл явж шугам замдаа үйлчилдэг байлаа. Тэгж байж хүнээ тогтоож барьдаг, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж байх учиртай юм. Замын дарга нөхөр Х. Хэрлэнгийн төмөр замчдын нийгмийн талаарх баримталж байгаа бодлого, явуулж байгаа үйл ажиллагаанд ахиц гарч байгаад ахмад төмөр замчин хүний хувьд талархаж явдгаа хэлье. Манай Ерөнхий Хорооны Монголын талын нөхдүүд, Эрх тэгш комиссын хүмүүс төмөр замын практик мэдлэгээ улам ахиулж ач тач байхгүй бол бусдын аманд байнга орж хөтлөгдөнө шүү.
АХМАД ТӨМӨР ЗАМЧИН Р. РАШ
