Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан комисс төвийн хэсгийн нийгмийн салбарын байгууллагуудын өвлийн бэлтгэлтэй танилцлаа. Энэ удаагийн үзлэгээр Хүүхдийн сектор багш хөгжлийн хүрээндзургаан төрлийн сургалтад 260 гаруй багшийг хамруулснаа Л.Янжмаа дарга танилцуулав. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд бүх цэцэрлэгийг галын дохиололтой болгох ажил хийж байгаа аж. Мөн эрүүл ахуйн чиглэлээр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийг бүрэн хамруулж, шинээр эрүүл ахуйч болон хоол зүйч мэргэжилтэнтэй болсон байна. Түүнчлэн, секторын харьяа цэцэрлэгүүдээр орж ажил байдалтай нь танилцлаа. Тухайлбал,“Дэгдээхэй” цэцэрлэг хүүхдүүдийг цэвэр агаарт салхилах боломжтой болгохын тулдгадна тоглоомын талбайг шинээр хийж, тохижуулсан байна. “Бамбарууш”, “Найрамдал” цэцэрлэг дотор засвар хийж, хүүхдэд зориулсан жижиг суултуур, угаалтуур, модон шүүгээ, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко модон тоглоомоор хангажээ.Мөн “Ирээдүй” цэцэрлэгаюулгүйн шатыг стандартад нийцүүлж налуу болгож, аюулгүйн хаалгыг дулаан алдалтаас сэргийлж вакум болгосон байна. Цэцэрлэгийнхээ гадна талыг будаж, эцэг, эхчүүд,багш ажилчид хамтран цэцэрлэгийн дотор засварыг хийсэн гэхчлэн засвар, шинэчлэлийн олон ажилхийжээ. Түүнчлэн, “Солонго” цэцэрлэг ч тодорхой ажлууд хийсэн байлаа. Комиссын ахлагч тус цэцэрлэгийг дулаан алдалтын зураглал гаргаж, хэсэгчилсэн засвар хийх үүрэг өглөө. Харин “Ганзам” цэцэрлэгийн шинээр барьж буй барилгын нэг давхрын цутгалт дуусаж, ирэх онд бүрэн барьж дуусгахаар байгааг П.Наран эрхлэгч танилцуулав.
Политехникийн коллежид сэтгэл зүйчтэй болохыг хүслээ
Төмөр замын дээд сургуулийн багш нар хичээлийн болон лабораторийн анги танхимыг сайжруулах санал гаргав. Мөн багш бүр хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргаж, хөндлөнгийн дүгнэлт хийлгэхэд бэлэн болжээ. Харин Политехникийн коллеж 2021 оны долдугаар сард магадлан итгэмжлэгдсэн бол одоо техникийн дөрвөн хичээлийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 2024-2025 оны хичээлийн жилийн зорилтыг багшийн хөгжил, суралцагчдад ээлтэй орчныг бүрдүүлэх, стандарт, инноваци, технологийг нэвтрүүлэх жил болгон зарласны хүрээнд багшийн хөгжлийн хөтөлбөрт долоон шалгуур үзүүлэлтээр хөндлөнгийн дүгнэлт хийлгэсэн байна. Төгсөгчдийн 77.8 хувь нь ажлын байранд хамрагдсан гэдгийг тус сургуулийн удирдлага танилцуулав. Мөн оюутнуудынхаа дэмжлэгээр таван ангид засвар хийжээ. Шийдвэрлэх асуудлын хүрээнд сэтгэл зүйч буюу нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ. Мөн дотуур байранд засвар хийж, интернэт сүлжээтэй холбох хэрэгтэй байгаагаа хэллээ.
Урлагийнхан орон тоогоо нэмэх саналтай байна
Соёл урлаг, спортын төв үл хөдлөх зуучлал болон тайзны түрээсийн орлогыг төлөвлөгөөнөөс арав орчим сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Тус төвийн дарга Л.Биндэръяа Төмөр замын чуулга болж өргөжсөнтэй холбогдуулан жүжигчин, хөгжимчин, бүжигчдийг нэмэх, менежерийн орон тоо гаргахсаналтай байгаагаа үзлэгийн комисст учирлалаа.
Түүнчлэн, Аялал жуулчлалын төв жуулчдыг илүү таатай, аюулгүй аялуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Замын дарга 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр А/596 дугаар тушаалыг баталсан байдаг. Уг тушаалд Эрээний вагоны аялал жуулчлалын тасалбар 288 мянган төгрөг байхаар тусгажээ. Гэтэл Эрээний аялагчид Зорчигч тээврийн төвөөс захиалбал АЖТ-ийнхөөс 30 орчим мянган төгрөгийн хямд байдаг гэнэ. Тиймээс аяллын тасалбарын үнийг Зорчигч тээврийн төвийнхтэй ижил болгож өгөхийг хүслээ. Мөн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн галт тэрэгний тасалбар захиалгыг АЖТ хариуцан бичдэг болох, ковидын үед тэтгэвэрт гарсан жолоочийн орон тоо хасагдсаныг нэмж авах зэрэг саналыг гаргалаа.
Барилгачдад хогны машин хэрэгтэй
Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн хувьд одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах нүүрсний захиалгуудыг бүрэн хангаж, ажилчдын өвлийн хувцсыг зуун хувь түгээсэн байна. Ангийн хэмжээнд ашиглагдаж буй машин, механизмуудын өвлийн бэлтгэлийг ч бүрэн хийснээ ангийн удирдлага танилцууллаа. Тэд үзлэгийн комисст гэрээгээр ажилладаг хогны автомашин нь эвдрэл, гэмтэл ихтэй тул 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шинэ машин тусгуулан авах саналтайгаа хэлэв. Төв засварын үйлдвэрийн хашаан дахь тус ангийн харьяа зуухны ялтсан бойлерыг задалж, цэвэрлэх үүрэг өглөө.
Эмнэлгийнхэн засвар үйлчилгээ сайн хийжээ
Төв эмнэлгийн хувьд энэ зун засвар үйлчилгээний олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, яаралтай тусламжийн тасгийн хүлээлгийн хэсэг, эрэмбэлэх өрөө, ажиглах өрөө, ариун цэврийн өрөө, коридорын урсгал засварыг хийлгэжээ. Мөн мэс заслын тасгийн 480 ам метр талбай бүхий дээврээс гадна мэдрэлийн тасгийн дээврийн хөндийг цэвэрлэж, зассан гэх мэт олон ажлыг амжуулжээ.Харин үзлэгийн комисст эмч нарын цалин хөлс болон орон тоогоо нэмэх саналтай байгааг илэрхийллээ.