Энэ сарын 1-3 өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тээвэр, логистик--2026” форумд дэлхийн 60 гаруй улсын төлөөлөгчид оролцож, “Евразийн тээврийн коридорууд: интеграци ба тасралтгүй логистик” сэдвийн хүрээнд тээврийн салбарын тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэв. Форумд оролцогсод дижиталчлал, автоматжуулалт, ухаалаг тээврийн шийдлүүдийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч байлаа. Тус форумд Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Форумын хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнд орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүдийг танилцуулсан нь УБТЗ-д тээврийн салбарын шинэ чиг хандлагыг судлах, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Форумын үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А. Павловтой уулзаж, тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх техникийн шинэчлэлийн хөтөлбөр, түүний хэрэгжилт, зүтгүүр, вагон паркийн шинэчлэл, дэлхий нийтийг хамарсан түлшний үнийн өсөлт, тулгамдаж байгаа асуудлууд, 2026 оны тээврийн төлөвлөгөө, замын их засвар зэрэг асуудлуудын талаар санал солилцож, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллахаар боллоо.
Мөн Орос, Хятадын талтай Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг хөгжүүлэх, хил дамнасан тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах асуудлаар уулзалт хийж энэ хүрээнд талуудын техник эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв.
Форумын үеэр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверев нарын уулзалтад оролцож, Монгол, Оросын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төмөр замын салбарт олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцоо, ложистикийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ төслүүдийг урагшлуулах талаар тодорхой тохиролцоонд хүрлээ.
Үүнээс гадна “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын “ЕАТС-1” маршрутын удирдлагын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, олон улсын тээврийн коридорын уялдаа холбоог сайжруулах, төмөр замын тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, байр сууриа илэрхийллээ.
“УБТЗ” ХНН нь тус форумд оролцсоноор олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх, Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа бодитой алхмуудын нэг болж байна.
