Нийслэл хотод удаа дараа орсон их хэмжээний аадар борооны улмаас үерийн усаар энгийн жорлон бохирын цооног дүүрч хальснаар хөрс, ус, орчны бохирдол үүсч гэдэсний халдварт өвчний тархалт ихсэх хандлагатай байна. Иймд нийт иргэд тэр дундаа бага насны хүүхдүүд, дархлаа султай болон настай хүмүүс илүү гэдэсний халдварт өвчинд өртөх өндөр эрсдэлтэй байгаа тул дараах сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэлээ.

Үер усны гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдлаас улбаалан БОАЖ-ын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдан үерт автсан газрууд болон Туул Сэлбэ Улиастай голын ай сав бүхий 41 хэсгээс сорьц аван шинжлэхэд үерийн далан тогтоол усны нянгийн бохирдол өндөр гарч шинжилгээнд хамрагдсан нийт сорьцын 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн нь гэдэсний бүлгийн халдварт өвчин үүсэх өндөр эрсдэлтэйг харуулсан байна.

Иймд нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин хоолны хордлогоос урьдчилан сэргийлж дараах завлөмжийг баримтална уу

  • Хувь хүн гарын эрүүл ахуйг сайтар сахих

  • Ил задгай талбайгаас хүнсний зүйлс худалдан авалт хийхгүй байх

  • Хадгалалтын горим эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн байж болох хүнсний зүйл худалдан авахгүй байх

  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх

  • Ундны усыг буцалгаж хэрэглэх

  • Хүнсний ногоо жимс жимсгэнийг сайтар угааж ариутгаж хэрэглэх

  • Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

  • Өндөг зайрмаг хиам салат зууш майонез зэрэг түргэн мууддаг хоол хүнсийг худалдаж авах хадгалахдаа анхаарах

  • Ахуйн ариун цэврийг сайтар сахихийн хамт айл өрхүүд энгийн жорлон, бохирын цооногын орчинг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл хөрсөөр дарах, ашиглахгүй нүхийг булж дарах, шинэ жорлон барьж байгуулахдаа усанд автахааргүйгээр барих, зэргээр халдварт өртөж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлээрэй

Хэрэв танд дараах шинж тэмдэгүүд илэрвэл

  • Халуурах

  • Бөөлжих

  • Суулгах /олон давтамжтай/

  • Хэвлийгээр базалж өвдөх

  • Дотор муухайрч, хоолонд дургүй болох

  • Толгой өвдөх, булчингаар өвдөх зэрэг эдгээр шинж тэмдгүүд хавсран илэрвэл гэдэсний халдвар өвчинд өртсөн байж болзошгүй тул яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай

 

Мэдээллийг бэлтгэсэн Халдвартын их эмч Г.Хишигдэлгэр