УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нээс “Нэг цэгийн үйлчилгээ”-г нээн ажиллуулж байгаа. Тус төв нь иргэд болон харилцагч үйлчлүүлэгчдэдээ төмөр замын тээврийн талаарх мэргэжлийн зөвлөгөөг хүргэх, ачаа тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм. Тус төвийг ажиллуулснаар тээврийн чиглэл хариуцсан инженерүүд мэргэжлийн заавар зөвлөгөөг нээлттэй хүргэж, төмөр замын үйл ажиллагааг илүү шуурхай, зардал чирэгдэлгүй болгох боломж нээгдэх юм. Энэ талаар тээврийн гэрээ хариуцсан инженер С.Болормаа “Бидний зүгээс тээвэртэй холбоотой асуудлыг хэрхэн, ямар үе шаттайгаар шийдвэрлүүлэх вэ. Мөн төмөр замын тээвэрлэлтэд оролцож байгаа байгууллага, компаниуд ямар бичиг баримтуудыг бүрдүүлэн ирж асуудлаа шийдвэрлүүлэх вэ, ямар төрлийн гэрээнүүдийг байгуулж тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох вэ зэрэг мэдээллүүдийг өгч байгаа. Цаашид УБТЗ хэрхэн яаж ажиллах талаар  заавар зөвлөгөөг өгнө. Түүнчлэн төмөр замаар олон төрлийн ачаа бараа тээвэрлэгддэг учраас тухайн ачаа барааг яаж, хэрхэн тээвэрлүүлэх талаар зөвлөж байна” гэв. Тус төв нь долоо хоног бүрийн Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагт 09.00-12.00, 13.00-16.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалга, 147 тоот өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж тус төвөөр үйлчлүүлжээ. Цар тахлын үеийн хорио цээртэй холбоотойгоор хүмүүсийн амьд харилцаа багасч тэр хэрээр үл ойлголцол үүсэх тохиолдол ихэссэн. Тиймээс “Нэг цэгийн үйлчилгээ”-ний ач холбогдол өндөр байгааг албаны хүмүүс дурдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 19001949, 21244128 дугаараар холбогдож болно.